АРХАНГАЙ: Соёлын хөгжлийн форумаас “Нийтийн соёлоос, нийгмийн хөгжил” уриалгыг гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-28 11:01:50

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг хотод “Архангай-100 Соёлын хөгжил” форум энэ сарын 27-нд боллоо.


Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон энэхүү форум нь орон нутгийн соёлын салбарын тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн онцлогийг тусгасан хөгжлийн гарцыг тодорхойлох зорилготой юм.


Форумын эхэнд “Архангай 100” брэндийг танилцуулж, Соёлын бодлого, шинэчлэлт, түүний хэрэгжилтийг орон нутагт хангах, Архангай аймгийн Соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, зорилт, төсөв, санхүү, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулсан.


Монгол Улсад 24 жилийн дараа Соёлын яам байгуулж, Архангай аймагт 25 жилийн дараа Соёлын хэлтэс байгуулан Соёлын тухай хууль шинэчлэн батлагдаж 2022 онд Соёл, урлагийн газар болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн аймгийн Хөгжимт драмын театр, Музей, Нийтийн номын сан болон 18 сумын Соёлын төвийн төрийн үйлчилгээ, соёл, урлагийн 144, Төрийн үйлчилгээний 95 нийт 239 албан хаагч орон нутагт төрөөс баримтлах соёлын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Соёлын салбарын хувьд бусад салбараас өвөрмөц онцлогтой. Төрийн байгууллага хувийн хэвшил, иргэд нийлж энэ салбарыг бүрдүүлдэг бөгөөд энэ форумд соёл урлагийн 22 байгууллагын төлөөлөл, соёлын биет бус өв, өвлөн уламжлагчид, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн иргэд, ААН, зураач урчуудын холбоо, гэрэл зурагчдын холбоо, оёдолчдын холбоо, зохиолч, яруу найрагчдын “Хан тамир” нэгдлийн төлөөлөл оролцсон байна.

 

Архангай аймагт соёлын салбарын 10 орчим ТББ, холбоод, 800 орчим соёлын үйл ажиллагаа эрхлэгч иргэд ажиллаж байна.


“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг Соёлын салбарт хэрэгжүүлэх ажлын хүрээнд Архангай аймгийн Соёл, урлагийн газар Үндэсний нэгдмэл үнэт зүйл буюу олон нийтийг соён гэгээрүүлэх - бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн онцлог бүхий брэндингийг бий болгох, урлаг уран бүтээлийг дэмжин хөгжүүлэх, соёлын үйл ажиллагаа явуулдаг ТББ болон иргэдтэй хамтран соёлын олон талт ажлуудыг зохион байгуулж байна.


2022 оны жилийн эцсийн байдлаар Соёлын төвүүд 131,177 хүнд соёлын үйлчилгээ, 22,885 хүнд номын сангийн үйлчилгээ, мөн Хөгжимт драмын театр 93 удаагийн үйлчилгээг /тоглолт/ 27,260 хүнд, Нийтийн номын сан 9739 хүнд номын сангийн үйлчилгээг, Музей 7851 хүнд үйлчилж, нийт 192.555 хүнд үйлчилж, 93.0 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна.


18 соёлын төвд 158  хүн ажиллаж байгаагаас Соёлын төвийн номын санч нарын 33,3 хувь, өвийн ажилтнуудын 66,6 хувь, хөгжмийн багш нарын 38,8 хувь, бүжгийн багш нарын 33,3 хувь нь тус тус мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Дунджаар 43 хувь нь мэргэжлийн бус байгаа нь цаашид анхаармаар асуудлын нэг бөгөөд 2023 онд мэргэшүүлэх сургалтад 46, мэргэжил олгох сургалтад 36 албан хаагчийг хамруулахаар төлөвлөжээ.


“Архангай-100 Соёлын хөгжил” форумаас “Нийтийн соёлоос, нийгмийн хөгжил” уриалгыг гаргалаа.


Мөн форумын үеэр соёл урлагийн ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, сум орон нутгийн онцлогт тулгуурлан соёл урлаг, соёлын өвийг хадгалж хамгаалах, сумын соёлын өвийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоог дэмжих, хүний нөөцийн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутагт шаардлагатай байгаа соёлын ажилтан, уран бүтээлчийг бэлтгэх, орон нутгийн онцлогийг илэрхийлэх соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зэрэг яам, орон нутаг, ажилтан албан хаагч нарт хамааралтай саналуудыг гаргаж, зөвлөмж гаргасан байна.


Форумд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Соёлын яам, аймгийн удирдлагууд, Соёл урлагийн газар, сумдын соёлын төвүүд, ХДТ, Музей, Номын сан, Гэрэл зурагчдын холбоо, Зураач урчуудын холбоо, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, өвлөн уламжлагчид зэрэг албаны болон соёлын салбарын төлөөлөл 250 гаруй хүн оролцсон юм.

Related news