ДОРНОД: "Би сувилагч" төсөлт уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-19 14:57:41

Чойбалсан /МОНЦАМЭ/. "Би сувилагч" төсөлт уралдааны хоёр дахь удаагийн шалгаруулалт эхэллээ. Орон нутгийн төсвийн 60 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх энэхүү уралдаанд 24 сувилагч бүртгүүлснээс 18 нь тэнцжээ. Гурван үе шаттай явуулах уралдаанд БОЭТ, өрхийн эрүүл мэндийн төв, сумдын ЭМТ-үүдийн сувилагч нар оролцож байна.  

Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн "Би суваилагч" уралдааны эхний гурван байр эзэлсэн сувилагч нарт орон сууц худалдан авахад нь зориулж тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэг олгож байв. 

Эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр багагүй ажил хийж байгаагийн нэг нь дээрх төсөлт уралдаан юм. 

Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 1130 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Үүний 300 буюу 26.5 хувийг сувилагчид эзэлж байна.


Related news