“Жанжны нутгаас амрыг эрье” ном бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-09 16:15:54

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн дарга, Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Лодойн Ганбаатар Цагдаагийн байгууллагын түүхт 95 жил, Ахмадын холбооны 50 жилийн ойг тохиолдуулан “Жанжны нутгаас амрыг эрье” номоо хэвлүүлэн гаргажээ.

Тэрээр ном нээх үгэндээ “ Амар амгаланг сахиулах амаргүй ажил үүргийг гүйцэтгэж, ард түмнээсээ хайр хүндэтгэл, магтаал зэмлэлийг ижилхэн хүртэж явдаг сайхан албаараа би насан туршдаа бахархаж явна. Энэ бахархлаараа жигүүрлэн ном бүтээх санаа өвөрлөн багагүй он цагийг туулсаар ийнхүү уншигчдынхаа өмнө тавьж байна. Хэрэв уншигч таны сэтгэлд нийцэхгүй бол та бүхнээсээ хүлцэл өчье.” хэмээн бичсэн байна.

Номыг бүтээгч Л.Ганбаатар өөрийнхөө болоод мөр зэрэгцэн ажилласан нөхдийнхөө цагдаагийн байгууллагад зориулсан он жилүүдийн түүхэн туршлагаараа энэ бүхний тухай номондоо өгүүлжээ. "Жанжны нутгаас амрыг эрье" ном нь нийтлэл, яруу найраг, дурсамж, сургамж, элэглэл, гэрэл зургаас бүрджээ.

Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Л. Ганбаатар нь Цагдаагийн байгууллагад 30 орчим жил хүчин зүтгэсэн нэгэн бөгөөд 2013 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм.

Т. Одончимэг

Related news