Хугацаа хэтэрсэн зээл урьд оныхоос 47 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-13 15:15:35

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны 4 банкнаас иргэдийн авсан зээл өнгөрөгч наймдугаар сарын эцсийн байдлаар  83 тэрбум төгрөгт хүрч, зээлийн үлдэгдэл урьд оны энэ үеийнхээс 8.1 хувиар өссөн байгааг Дундговь аймаг дахь Монгол банкнаас мэдээллээ. 2011 онд нэг хүнд ногдох зээлийн хэмжээ 608 мянган төгрөг байсан бол 2015 оны байдлаар 1 сая 800 мянган төгрөг болж, энэ онд ч мөн дахин өсч гарахаар байгаа ажээ.

Энэ оны 8 дугаар сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээл 560 сая төгрөг буюу урьд оныхоос 45.7 хувиар, чанаргүй зээл 1 тэрбум болж 4 хувиар тус тус өссөн. Чанаргүй зээл дотор муу зээл 21 хувь, хэвийн бус зээл 47, эргэлзээтэй зээл 30 гаруй хувьтай байна.

 Аймгийн нийт хүн амын 31.9  хувь, аж ахуйн нэгжийн 12 хувь арилжааны банкнаас зээл авсан бөгөөд зээлийн бүтэцийг үзэхэд, хамгийн их буюу 36 хувийг цалингийн зээл эзэлж байна. Цалингийн зээл авах боломжтой нийт иргэдийн 67 хувь нь зээл авчээ.

Удаад нь малчны зээл 24 хувьтай байгаа бол тэтгэвэрийн зээл 12, бизнесийн зээл 10, хадгаламж барьцаалсан зээл 4 хувийг тус тус эзэлж байна.

2013 оноос ипотекийн зээл өссөн үзүүлэлттэй явж байгаа. Одоогийн байдлаар 17.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 589 иргэн  60- 340 сарын хугацаатайгаар авсан бөгөөд зээлийн тавь гаруй хувь нь МИК- т шилжсэн байна.

Зээл ийнхүү өссөнтэй зэрэгцэн иргэдийн хадгаламж мөн 31 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны 8 дугаар сарынхаас 15.3 хувиар өссөн байна. Үүний 80 гаруй хувь нь хугацаатай хадгаламж байгаа бөгөөд энэ нь мөн 11.7 хувиар өсчээ.

Т. Отгонтуяа

 

 

Related news