БАЯНХОНГОР: Адал явдалт дугуйн аялал зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-27 15:13:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Дэлхийн аялал жуулчлалын өдөр, Монголд зочлох жилийн хүрээнд Баянхонгор аймгийн аялал жуулчлалын шинэ нөөц бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий ажлууд өрнөж байна.


Энэ хүрээнд "Эрхэт хайрхнаас Их богд хүртэл" адал явдалт унадаг дугуйн аяллыг 10 дугаар сарын 5-8-нд зохион байгуулахаар товложээ. 



Энэхүү аяллыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы санаачилгаар аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Хонгорын дугуйчид" унадаг дугуйн холбоо, Мазаалай номадик тур зэрэг байгууллага хамтран зохион байгуулна.


Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын хэд хэдэн бүтээгдэхүүн, маршрут, хөтөлбөр гаргаж гадны зах зээлд танилцуулж жуулчид авах бэлтгэл ажлыг Баянхонгор аймаг ийнхүү хангаж байна. Тодруулбал, Морин аялал, Дугуйн аялал, Харвуул наадам, Говийн гайхамшигт 6 аялал гэх мэт аяллын хөтөлбөр бүтээгдэхүүнийг нийтэд танилцуулахаар зэхэж байгаа аж.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн "Хонгорын дугуйчид" унадаг дугуйчдын холбоо анх аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дэргэд клубийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус холбоо үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дугуйн спортыг орон нутагтаа хөгжүүлэх, хотын соёлд шинэ өнгө төрх нэмэх, иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх, цаашлаад хүүхэд залуучууд, иргэдийг энэхүү спортоор хичээлүүлж, амжилт гаргуулах зорилготой байгуулжээ.


“Хонгорын дугуйчид" унадаг дугуйчдын холбоо 2020 оноос албан ёсоор нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон ажиллаж байгаа бөгөөд 200 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.






Related news