АРХАНГАЙ: Уралдаанд түрүүлсэн сурагчид ОХУ-ын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-25 11:26:21

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Орос-Монголын найрамдлын 63 дахь өдрүүдэд зориулсан “Та Орос орон, орос хэлийг хэр мэддэг вэ?” төвийн бүсийн уралдааныг энэ сарын 16-ны өдөр Архангай аймагт зохион байгууллаа.


Үйл ажиллагаанд ОХУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга, Монгол Улс дахь "Россотрудничество" агентлагийн дарга, Улаанбаатар дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвийн захирал Валерия Кильпякова, ОХУ-ын Элчин сайдын яамны соёл боловсрол хариуцсан атташе Надежда Латышева нарын холбогдох хүмүүс оролцсон байна.


Төлөөлөгчид Архангай аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтангэрэл, БШУГ-ын дарга Ц.Мөнхбат нартай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. "Та Орос орон, орос хэлийг хэр сайн мэдэх вэ" танин мэдэхүйн уралдаан, математик, хими, орос хэлний олимпиад, багш нарт зориулсан сургалт, сурагчдад зориулсан лекц зэрэг цогц ажлыг Эрдэнэбулган сумын 5-р сургууль дээр зохион байгуулсан.


Уралдаанд Архангай, Завхан, Өвөрхангай аймгийн багш, сурагчид оролцсон юм.


Багшийн олимпиадад Эрдэнэбулган сумын 5 дугаар сургуулийн багш Ш.Батсүх тэргүүн байрт оржээ. Харин сурагчийн төрөлд Тариат сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч А.Төгөлдөр, Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн 12-р ангийн сурагч М.Азжаргал нар тэргүүн байр эзэлж, ОХУ-ын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхээр шагнууллаа.


Харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БШУГ-ын даргын хүсэлтийн дагуу Архангай аймагт Орос хэл-оросын соёлын төвийг байгуулах, ОХУ-д болон Улаанбаатарт орос хэлний багш нарын мэргэжил арга зүйг дээшлүүлэх, сурагчдыг ОХУ-д зуны зусланд явуулах, Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн орос хэлний кабинетыг номоор хангах зэрэг үйл ажиллагааны эхлэлийг тавилаа.


Төвийн бүсийн уралдааныг Архангай аймгийн ЗДТГ, ОХУ-ын ЭСЯ, "Россодтрудничество" агентлаг, Улаанбаатар дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв, Орос-Монголын найрамдлын нийгэмлэг, Архангай аймгийн БШУГ хамтран зохион байгуулав.

Related news