АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 13 нэр төрлийн 22109 ширхэг мод, бут сөөг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-27 12:24:09

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хөтөлбөрийн хүрээнд цөлжилт, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, ойн зурвас, төв суурин газрын ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор сумдын Засаг дарга нарт чиглэл хүргүүлэн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зохион байгуулах ажлыг Архангай аймаг төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг ханган ажиллажээ.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд авто зам хамгаалах ойн зурвас байгуулах, голын татам, угтах хаалга, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 19 сумын хэмжээнд давхардсан тоогоор 211 аж ахуйн нэгж, байгууллага, 5215 иргэн 25.1 га талбайд 13 нэр төрлийн 22109 ширхэг мод, бут, сөөгийг тарьж, усалгааг технологийн дагуу хийж гүйцэтгүүлээд байна.


Арчилгаа хамгаалалтын тухайд аймгийн хэмжээнд төв суурин газарт тарьсан мод, бут сөөгийн усалгаа, арчилгааг тогтмол гүйцэтгүүлж, намрын цэнэг усалгааг хийлгүүлэхийн зэрэгцээ хашаа хамгаалалтыг сайжруулж, жимсний мод, хүйтэнд тэсвэргүй зарим бут сөөгийг үртэс, сүрлээр хучиж, амьдралтын хувь хэмжээг нэмэгдүүлэх ажлыг авч хэрэгжүүлж байна.


Мөн аймгийн байгалийн бүс бүслүүрийн онцлогт тохируулан мод үржүүлгийн газруудад үр, мөчрөөр тарьж, бойжуулсан тарьц, суулгацын нөөцийг бий болгох зорилгоор бүх нийтээр мод тарих өдрүүдийг угтаж, Тарьц, суулгац - 2023 үзэсгэлэн худалдааг 2023 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрдэнэбулган суманд зохион байгуулсан.


Үзэсгэлэн худалдаанд ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй 2 аж ахуйн нэгж, хувиараа тарьц, суулгац үржүүлэгч 3 иргэн оролцож, орон нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон, шилмүүст, навчит болон гоёл чимэглэл, жимс жимсгэнийн мод, бут сөөгийг иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад худалдан борлууллаа.

Related news