Б.Ачбадрах Солонгосын нээлттэй тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-08 11:04:59

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Солонгосын Канвон мужийн дөрвөн хотод залуучуудын өвлийн IV олимп болох гэж байгаа билээ. Тэгвэл тус олимпын өмнө “Alpensia” замд Солонгосын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн 78 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Залуучуудын олимпын өмнө болж байгаа гэдэг утгаараа энэхүү тэмцээнээ солонгосчууд нээлттэй зохион байгуулсан байна.


Уг тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах, А.Хүслэн тэргүүтэй цаначид уралдсан бөгөөд Б.Ачбадрах хошой мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 15 км-ийн цуваа гараатай уралдаанд дэд байр эзэлж медалийнхаа салхийг хагалсан бол өчигдөр 30 км-ийн бөөн гараатай уралдаанаас дахин мөнгөн медаль хүртсэнээр “давхар цохилт” хийв. Харин олимпын өмнөх сорилоо хийсэн А.Хүслэн 15 км-ийн цуваа гараанд өрсөлдөж, амжилттай бариандаа оржээ.


Дашрамд сонирхуулахад, Ази тивд анх удаа зохион байгуулж буй залуучуудын өвлийн олимпод оролцох манай тамирчид Канвоны цасан замд олон улсын тамирчдын хамт бэлтгэлээ базааж байна. Харин уулын цанын хоёр тамирчин, багшийн хамт “Dream” хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.

 



Related news