Улаанбаатарын өвлийн наадамд дотоод, гадаадын мянга гаруй тамирчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-01-22 10:01:13

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг энэ сарын 27-28-нд “Скайрезорт” цанын бааз болон “Цонжин болдог”-т байрладаг “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулна. 


Монгол Улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлийнхэндээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байна. 

Наадмын үеэр:

-Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

-Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

-Снөүбоардын тэмцээн

-Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн

-Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн 

-Снөүбоардын тэмцээн

-Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн

-Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулах бөгөөд үзүүлбэр, үйлчилгээ шүхэр, шувуулахуйн үзүүлбэр, снөүбоардын үзүүлэх тоглолт, нохой чарга, хоол унд, чарганы үйлчилгээ үзүүлэх юм. 


Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриадаас гэх мэт Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцоно.


Related news