М.Манлайжав 39, Х.Халиун 43 дугаар байрт орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-25 15:31:02

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Канвон-2024” олимпын уулын цанын слалом төрлийн уралдаан өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн слаломд 78 тамирчин уралдсанаас Австрийн Варошиц хоёр гарааны нийлбэрээр 1:37.49 амжилт үзүүлэн алтан медаль хүртэв. Харин мөнгө, хүрлийг Германы Грандинжер (1:38.08), Италийн Колломб (1:38.46) нар зүүлээ. Колломбын хувьд тус олимпоос гурав дахь медалиа хүртсэн нь энэ юм.


Шведийн Хедин эхний гарааны дараа аман хүзүүнд явж байсан ч хоёр дахь гараандаа алдаа гарган хасагдсанаар хоосон хоцров. Энэ өдөр цаг агаар тогтуун ч олимпын зам мөс ихтэй байсан нь хүндрэл учруулж, маш олон залуу тамирчин замаа дуусгаж чадалгүй хасагдлаа. Манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа амжилттай дуусгаж, 2:50.60 минутын үзүүлэлтээр  43-т орлоо. Тэрбээр өмнө нь жиант слаломын төрөлд 42-т жагссан юм.


Тэгвэл эрэгтэйчүүдийн слаломын төрөлд 78 тамирчин уралдахад Их Британийн Кэррик-Смит 1:38.61 минутаар түрүүлж, “Канвон-2024” олимпын хоёр дахь медалиа зүүв. Тэрбээр өчигдөр жиант слаломын төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Шведийн Вестлунд (1:38.66), Францын Хоут-Маршан (1:38.87) нар мөнгө, хүрэл медаль дээр буулаа.


Энэ төрөлд уралдсан манай тамирчин М.Манлайжав хоёр гараагаа алдаа гаргалгүй амжилттай дуусгаж, 2:29.56 минутын үзүүлэлтээр 39-р байр эзэллээ. Үүгээр манай уулын цаначдын тэмцээн өндөрлөж байна.


Одоо манай багаас гүйлтийн цанын тамирчид уралдах үлдлээ. Тэдний уралдаан энэ сарын 29-нөөс эхэлнэ.

 

Related news