ХОВД: Зэрлэг амьтдад зориулж өвс, хужир шүү тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-28 10:34:56

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/  Ховд аймгийн зарим сумын нутагт хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зэрлэг амьтдад зориулж  өвс, хужир шүү тавьжээ.


Аймгийн нутаг дэвсгэрт 2022 оны байдлаар 2700 гаруй аргаль, 4600 гаруй янгир бүртгэгдсэн байна.

Мөн бөхөн, хар сүүлт, цоохор ирвэс зэрэг улаан номд бичигдсэн нэн ховор, ховордсон амьтад тус аймгийн нутагт нэлээд тархсан байдаг.


Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн үйл ажиллагаа хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг. 


Үүний дагуу зэрлэг ан амьтдыг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалттай гурван газар буюу Ховд аймгийн Хар-Ус нуур, Мянган угалзат, Мөнххайрханы байгалийн цогцолбор газрын мэргэжилтнүүд биотехникийн ажлыг хийж байна.

Мэргэжилтнүүд одоогоор аргаль, янгир, бөхөн зэрэг амьтны байрлах 20 орчим цэгт нийт 170 гаруй боодол өвс, 5.1 тонн хужир шүү тавьжээ.


Мөн өнөөдрийн байдлаар Хөх сэрхийн нуруунд тархсан зэрлэг амьтдад зориулж биотехникийн ажил хийж байна.    
  

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар зэрлэг амьтдын өвчлөл, үхэл хорогдол бүртгэгдээгүй байна.  





Related news