Ц.Цэрэнбалжид: “Хүмүүн бичиг” сонины хамт олон аливаад тууштай, уйгагүй байхыг өөрсдөөрөө үлгэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-20 11:36:08

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Ц.Цэрэнбалжидтай ярилцлаа. Тэрбээр “Хүмүүн бичиг” сониныг шимтэн уншиж, залуу байхаасаа эхлэн захиалж, хадгалж, одоог хүртэл архивласаар байгаа билээ. 


-Ярилцлагын эхэнд таны “Хүмүүн бичиг” сонинтой холбогдсон түүхийг сонсмоор байна?

-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины хамт олонд болон энэ сайхан сониныг захиалан уншдаг бүх хүмүүст Эрээнцавын эвдрээгүй найрагч Данзангийн Нямсүрэнгийн хэлснээр “манцуйны минь үнэр шиг” урин хаврын мэндийг Арын сайхан хангайнхаа зөөлөн салхиар дамжуулан хүргэе.


“Хүмүүн бичиг” сонинтой холбогдсон түүх үнэхээр догдлом. Би багын л ном, сонин, марк гээд өөрт сонин содон санагдсан бүхнийг цуглуулах, хадгалах дуртай хүүхэд байсан. Гоё өнгөтэй шилний хагархай хүртэл миний цуглуулгад байдагсан. Оюутан болсон хойноо утасны картуудаар цуглуулга минь баяжсан байдаг. Одоо бол ном, номын хавчуурга, “Хүмүүн бичиг” сониныхоо цуглуулгад анхаардаг.


Энэ сонинтой 1993 онд танилцсан түүхтэй. Нэг өдөр Д.Цэнд-Аюуш багш маань монгол бичгээр биччихсэн сонин хичээл дээр бидэнд өгөөд уншуулсан. Хамгийн түрүүнд ямар гоё юм бэ хэмээн бодоод, сониноо авахдаа гар чичирснээ санадаг юм. Авах гэж их яарсных байх аа. Сурагч ахуйдаа хамгийн анх харж байсан “Хүмүүн бичиг” бол одоогийн хүүхдүүдийнхээр бол шинэ загварын гар утас юм уу даа. Монгол бичигт дуртай болох эхлэл ингэж л тавигдсан. Тэгээд л Д.Цэнд-Аюуш багшийнхаа гэрт очоод, хүүхдүүдтэй нь хамт хамаг боорцгийг нь идчихээд л хичээлээ хийдэг хүүхэд болсон доо. Тухайн үед багш маань надад өөрийнхөө “Хүмүүс бичиг” сониноо өгсөн нь хамгийн том бэлэг байлаа.


-Танд “Хүмүүн бичиг” сонины хэдэн дугаар хадгалагдаж байгаа вэ?

-Одоо надад 1993 оны дугаараас эхлээд байгаа. Яг нарийн тоолж явсангүй. Он оноор нь гоё цэгцэлнэ дээ гэж бодож байгаа.


-Дунд нь тасарсан дугаар бий юу? Одоо “Хүмүүн бичиг” сониноо захиалдаг уу?

-Байгаа. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд хааяа хааяа захиалдаг болсондоо харамсдаг. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг тоочдог гэдэг шүү дээ. Өөрийн минь нямбай, аливаад тууштай, чин сэтгэлээсээ ханддаг байдал улам сулраад байгаагаа мэдэрдэг. Сониныхоо цуглуулгад олигтой анхаарч чадахгүй байгаа нь ч зөвхөн өөрөөс минь болж буй гэдгийг мэддэг. Гэхдээ цаашид “Хүмүүн бичиг” сониныхоо байхгүй дугааруудыг нөхөж олж аваад, дандаа захиалахыг хичээнэ ээ.


-Их нандигнаж хадгалсан харагдана?

-Тийм ээ. Нэг талаас хүүхэд ахуйн сайхан дурсамж, нөгөө талаас миний мэргэжил шүү дээ. Эх сайхан хэлээ ирээдүй хойчдоо өвлүүлэх эрхэм хувь заяа надад оногдсонд талархаж явдаг. Энэ л бичиг үсгээ зааснаараа би амьдралаа дүүргэж, сэтгэл хангалуун, сайн сайхан амьдарч явна. Гэрэл гэгээтэй амьдралд гараас минь хөтөлсөн “Хүмүүн бичиг” сониноо дандаа нандигнаж явдаг. Энэ сониноо цуглуулсан болохоороо ч өнөөдрийн энэ дугаарын зочин болж байна шүү дээ.


-Үндэсний бичгээрээ хэвлэгддэг цор ганц сонин шүү дээ. Сонины тухай ямар бодолтой явдаг вэ?

-“Хүмүүн бичиг” сонины хамт олон аливаад тууштай, уйгагүй байхыг өөрсдөөрөө үлгэрлэсэн мэт санагддаг. Оюутан ахуй цагт маш олон сонин хэвлэгдэн гардаг байлаа. Телевизээр энэ сониноо захиалбал ийм ч машин, унаа тэрэг, тийм ч байр орон сууцны азтан тодруулна гээд гардаг сан. Өнөөдөр тэр цагийн шөнийн одод мэт олон сониноос өдрийн од мэт цөөн үлдэж дээ.


“Хүмүүн бичиг” сонин ард түмэнд байр, машин, элдэв эрээн мярааныг амлаагүй боловч он цагийн шалгуурыг даван, яг л үндэс мөчир бөхтэй Хорхунагийн саглагар мод мэт улам бүр хүчирхэг болсоор байгаа. Өнөө цагийн түүхийг ирээдүйд илгээх цор ганц үндэсний бичгийн сонин бол “Хүмүүн бичиг”. Ард түмнийхээ оюун санааны ертөнцөд “мөс хагалж” яваа энэ хамт олны үйлс буян дандаа дэлгэрч яваг ээ.


-Та захиалсан сониноо юу юунд ашигладаг вэ? Таны шавь нараас захиалж байна уу?

-Хичээл сургалт, олимпиадын бэлтгэлдээ ашигладаг. Багш хүний хувьд “Хүмүүн бичиг” сонины цуглуулга бол миний бахархал. Шавь нар маань үргэлж биш боловч захиалдаг. Одоо анги ангиараа тогтмол захиалаасай хэмээн хүсдэг. Мөн монгол хүн бүр захиалж уншаасай.


-Та болон шавь нар нь “Хүмүүн бичиг” сониноос юуг нь илүү чухалчилдаг вэ?

-Гар бичмэл, таталган, бар, хулсан үзгийн бичвэрүүд, сонирхолтой мэдээ мэдээлэл гээд бүгдийг нь уншчихдаг. Багшийн хувьд сониноосоо сурсан эрдэм их ээ их.


-Та хэдэн жил багшилж байгаа вэ?

-2000 онд УБИС-ийн Ү.Ариунболд багштай монгол хэл, уран зохиолын 4а ангийг төгссөнөөс хойш тасралтгүй 24 дэх жилдээ багшаар ажиллаж байна. Ангийн багш Ү.Ариунболддоо маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Цэнхэр толийг үсэг алдалгүй цээжлүүлж байсан нь оюутан үед их л хэцүү санагддаг сан. Бас чадлаараа хичээж бичээд үзүүлэхээр жигд муухай бичсэн байна гэнэ. Гэрийн даалгавраа хийхгүй очвол тав таваар үржүүлээд л явчихна. Сурахын зовлон цаг зуурынх, сураагүйн зовлон насан туршийнх гэдгийг одоо л шавь нь ойлгож байна. Танаасаа сурсан эрдмээр өнөөдөр шавь нь гэрэл гэгээтэй, сайн сайхан амьдарч явна. Бас багшаасаа сурч чадаагүй эрдэм зөндөө байсныг хожим ойлгосон. Багш тандаа баярлалаа гэж сониноороо дамжуулан хэлмээр байна. 


-Ярилцсанд баярлалаа.

 

Related news