“ШИЛ” ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-25 12:09:10

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай 49 дүгээр тогтоолын хүрээнд Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгавар батлагдсан билээ.


Тус албан даалгаврын хүрээнд Шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж яам агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 123 мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож, цахим шуудангаар 604 багц мэдээллийг хүлээн авч, нээлттэй мэдээллийн нэгдсэн системд байршуулжээ. Засгийн газрын тусгай сангуудаас 2023 оны жилийн эцэст авсан мэдээллээр, эргэн төлөлтийн нийт дүн 91.6 тэрбум төгрөг байна.


Үүнд:

Боловсролын зээлийн сан 3.9 тэрбум төгрөг

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 290 сая төгрөг

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 55.9 тэрбум төгрөг

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 20.1 тэрбум төгрөг

Шинжлэх ухаан, технологийн сан 26.7 сая төгрөг

Хөдөө аж, ахуйн корпорац 11.2 тэрбум төгрөг тус тус байна.



Өнөөдөр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем буюу shilen.gov.mn-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн технологийг нэврүүлжээ. Одоогоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг хиймэл оюун ухаан GPT-д сургажээ.

 

Технологи нь хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй бөгөөд баримтыг баримтаар нь хариулж 24 цагаар үйлчлэх аж. Дараагийн удаад хиймэл оюун ухааныг газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын талаарх асуултад хариулдаг байдлаар сургахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Related news