Б.Золхүү: Зөвлөн туслах ажлын үр дүнд иргэдэд хүрэх соёлын үйл ажиллагааны чанар, хүртээмж сайжирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-11 09:58:40

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газраас мэргэжлийн байгууллагууддаа жилд хоёр удаа зөвлөн тусалдаг. Уг үйл ажиллагааны зорилго, ач холбогдол, үр дүнгийн талаар газрын дарга Б.Золхүүтэй цөөн хором ярилцлаа.


өвлөн туслах ажлын зорилго чиглэл, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Соёл, урлагийн байгууллагууд соёлын үйл ажиллагаанаас гадна захиргааны ажлыг давхар хийдэг. Төрөөс соёлын талаар баримталж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд ямар ямар үйл ажиллагааг явуулж байна вэ гэдэгтэй нь танилцах зорилгоор жилд хоёр удаа мэргэжлийн байгууллагуудад ажилладаг. Мөн үл хөдлөх дурсгал, соёлын өв тээгчдээ хэрхэн бүртгэн баримтжуулж байна, номын сангийн болоод соёл гэгээрлийн чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудын зохион байгуулалтаас эхлээд төсвийн зарцуулалт, байгууллагын дотоод ажил, ажлын байрны тохижилт, ариун цэвэр, албан хэрэг хөтлөлтийн стандарт гээд олон чиглэлээр тухайн байгууллагынхаа ажилтай нь нэг бүрчлэн танилцдаг. Ер нь цаасаар тайлан аваад байх биш яг газар дээр нь ажиллан нөхцөл байдалтай танилцаж, хамтдаа дүгнэлт хийж цаашид алдаа дутагдлаа засаж залруулахад хэрхэх ёстой талаар чиглэл чиглэлийн мэргэжилтнүүд зөвлөөд, туслаад явдаг гэсэн үг.



-2024 он гарснаас хойш хоёр дахь буюу Уулбаян суманд ажиллаад ирсэн. Тухайн сумын нөхцөл байдал ямар байна?

-Энэ жил цас зудтай холбоотойгоор өнгөрсөн сараас зөвлөн туслах баг ажиллаж эхэлсэн. Өчигдөр Уулбаян суманд ажиллаад ирлээ. Эдний хувьд соёлын төвийн барилга нь ашиглалтад ороод удаагүй, шинэ баг бүрдэж, үйл ажиллагаа нь одоо л жигдэрч байгаа хамт олон. Энэ жилийн хувьд удирдлагуудаараа дэмжүүлээд, орон нутаг судлах танхимтай болж, иргэдийн гар дээрээс үзмэр цуглуулах ажлыг хийж байгаа нь онцлох ажил болсон байна. Мэдээж тодорхой алдаа дутагдал байна, түүнийгээ хэрхэн засаж залруулах вэ гэдэг арга замыг нь зөвлөдөг.


өвлөн туслах, хянан шалгах гэдэг хоёр өөр ойлголт. Айлгаж сандаргахаас илүү хамтдаа асуудлаа шийдвэрлэнэ гэдэг том давуу талтай байх?

-Тийм шүү. Мэдээж зөв ажлыг нь дэмжин урамшуулах, илүү сайжруулах, болохгүй байгаа ажлынхаа алдаа дутагдлаа яагаад гэдгийг нь хамтдаа тодорхойлоод засан сайжруулахад нь мөн хамтран ажилладаг. Яагаад ингэж ойр ойрхон явдаг вэ гэхээр түрүү жил ажиллаж байсан хүн дараа жил ирэхэд солигдчихсон байдаг. Яг ажил нь гарт нь ороод, жигдэрч эхэлж байтал ажлаасаа гарах тохиолдол хөдөө орон нутагт элбэг. Мөн хууль тогтоомжийн өөрчлөлтүүд маш их гарч байна. Тиймээс бид зөвлөн туслах ажлаа шинэ оны эхэнд болон төгсгөлд бүх мэргэжлийн байгууллагуудад хүрч ажилладаг. Аймгийн СУГ-ын харьяанд 12 соёлын төв, нийтийн номын сан, музей, театр гээд нийт 15 мэргэжлийн байгууллага байдаг.



-Жилд хоёр удаа ажилладаг гэлээ. Урьд жилүүдэд ажиллаад соёлын төвүүдийн үйл ажиллагаанд гарч буй ахиц дэвшил нь юу байв?

-Гол үр дүн бол үйлчилгээний чанар болоод хүртээмж хэрхэн нэмэгдсэн гэх үзүүлэлт. Мэдээж манай газраас баг ажиллаад, өгсөн зөвлөмжүүдийнхээ дагуу биелэлтийг шаарддаг. Нэн түрүүнд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний боловсруулалтад үр дүн гарч эхэлсэн. Нийгмийн баталгаа хангах хөтөлбөрийн хүрээнд соёлын салбарын ажилчдын тэтгэмжийг тэгш олгох замаар ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг болсон. Эцсийн үр дүн нь иргэдэд соёлын үйлчилгээг хүргэх үндсэн үйл ажиллагаанууд нь цэгцэрч, хийх ажил нь тодорхой болсон. Соёлын төвийн үүдээр ороход л иргэдийг угтаж авах хэсгээс эхлээд сум бүр өөр өөр байдлаар тохижуулсан, ажлын байрны тав тух, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд тодорхой ахиц дэвшлүүд гарч байгааг харахад таатай байгаа.


-Энэ үеэр ажиглагддаг нийтлэг алдаа, дутагдал юу байдаг вэ?

-Байгууллагаасаа шалтгаалаад харилцан адилгүй. Гэхдээ албан бичиг хэргийн хөтлөлт, төрийн албаны стандарт, тайлан төлөвлөгөөний боловсруулалт, ажиллах хүн хүчний асуудал гээд нийтлэг дутагдал бий.


-Соёлын төвийн үндсэн үүрэг бол иргэдэд соёлын үйлчилгээг л хүргэх шүү дээ. Мэдээж энэ үйлчилгээ нь чанартай байхын тулд боловсон хүчин нь чадварлаг байх учиртай. Энэ тал дээр Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүд хэрхэн бэлтгэгдсэн байдаг вэ?

үхбаатар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа соёлын байгууллагуудын мэргэжлийн боловсон хүчний хангалт 40 гаруй хувьтай. Энэ бол хангалтгүй. Тэгэхээр боловсон хүчнээ нэмэгдүүлэх, хүний нөөцөө чадавхжуулах ажлыг үе шаттай зохион байгуулах, бодлогоор дэмжих шаардлага байгааг салбарын хэмжээнд ярьж байгаа. Нөгөө талаар мэргэжлээр сонгон суралцаж буй хүүхдүүдийн хувьд яг соёл, урлагийн чиглэлээр мэргэжил эзэмших нь ховор байна. Тиймээс СӨБ, ЕБС гээд багаас нь бүх нийтийг соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа Соёлын яамнаас бүх нийтийн соёын боловсролын хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлж байгаа.



-Соёлын төвүүдэд тулгардаг гол асуудал юу байдаг вэ?

-Нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын асуудал байдаг. Хэдийгээр ихэнх сум соёлын төвийн шинэ байртай болсон ч техник тоног төхөөрөмжийн хангалт, эвдрэлээс эхлээд асуудал их. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулаад тоног төхөөрөмжөөр хангагддаг ч тэр сумын бүхий л юманд ашиглаж байгаа болохоор эвдрэл гарна. Тэр болгонд нь дахиад шинээр авах боломж байдаггүй. Удаах асуудал бол хүний нөөц. Гэхдээ сүүлийн нэгээс хоёр жилд энэ асуудал харьцангуй багасаж байгаа. Учир нь Соёлын яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, бодит дэмжлэгүүдийн үр дүнд энэ салбарт ажиллах сонирхолтой залуус болоод одоо ажиллаж байгаа хүмүүс тогтвортой байх нь нэмэгдсэн.


-Энэ салбарт хийж буй өөрчлөлт шинэчлэлтүүд эцсийн дүндээ иргэдэд хүрэх соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх шүү дээ. Тэгэхээр соёлын үйлчилгээг хүргэж байгаа болоод түүнийг хүлээн авч байгаа иргэд хоорондын ойлголцол, хамтын ажиллагаа чухал. Үүнтэй холбоотойгоор та иргэдэд хандаж юуг уриалах вэ?

-Тэгэлгүй яахав. Энэ салбарт ажиллаж байгаа хүн бүрийн эцсийн хүсэл болоод зорилго бол иргэддээ соёлыг түгээх. Нөгөө талаар соёлын үйлчилгээнд бүх насныхан ижил тэгш хамрагддагаараа онцлог. Тиймээс аливаа үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцох нь тэдний үүрэг бөгөөд соёлын байгууллагаа дэмжиж буй нэг хэлбэр юм. Бүх нийтээр цахим орчинд ихэнх цагаа өнгөрөөх болсон энэ цаг үед хүн бүр тэр дундаа хүүхэд залуучууд соёлын байгууллагын үнэ төлбөргүй үйлчилгээнүүдэд идэвхтэй хамрагддаг байгаасай, өөрийнхөө чөлөөт цагийг үр дүнтэй зөв өнгөрүүлдэг болоосой гэж хүсдэг. Тэгэхээр яг л энэ чиглэлээр буюу иргэн бүр идэвхтэй байж, соёлын байгууллагаа дэмжиж, хамтраасай гэж уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Related news