Хүүхдэд багачууд шатрын спортыг сонгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-04 16:48:33

Сүхбаатар аймгийн хүүхэд багачууд сүүлийн жилүүдэд шатрын спортоор маш өндөр амжилтыг үзүүлж байгаа. Энэ нь тухайн  хүүхдүүдийн тасралтгүй бэлтгэл сургуулилт, багшийн ур чадвартай холбоотой. Оюунлаг шатрын клуб нь 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоогоор тус клубт 5-16 насны 70 орчим хүүхэд хичээллэж байна. Анхан, дунд, ахисан гэсэн гурван ээлжээр хичээллэдэг.

Оюунлаг шатрын клубын тамирчид аймаг орон нутаг төдийгүй, улс бүс, тив дэлхийн хэжээнд хүчтэй өрсөлдөгчид тооцогддог. Клубээс Олон улсын хэмжээний мастер, шатрын фиде мастер, спортын дэд мастер гэсэн уолтнууд төрөн гараад байгаа бөгөөд ОУХМ Э. Энхнар шатрын их мастер цолны болзолыг биелүүлэхээр ОХУ-д 4 сар үргэлжлэх тэмцээнд оролцож байна. Мөн улсын аварга хоёр, улсын аваргын мөнгөн медальт дөрөв, хүрэл медальт зургаан тамирчин төрөн гараад байгаа юм. аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд ч тус клубын тамирчид тогтмол амжилт үзүүлдэг.

“Шатрын спорт бол оюуны спорт.  Энэ спортоор хичээллэсэн хүн тэвчээртэй, хүлээцтэй, дээрээс нь юмыг олон талаас нь харах чадвартай болдог. Шатрын клубын тамирчид маань маш богино хугацаанд амжилт гаргаж байгаа учир манай дугуйланг зорих хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна” хэмээн клубын багш Ж.Энхбаатар хэллээ.

Т. Одончимэг

Related news