СЭЛЭНГЭ: Алтанбулаг, Сайхан, Сант, Хушаат суманд хөрсний давсжилт маш их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-17 11:06:45

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас 2014-2020 онд Швейцарын хөгжлийн агентлагийн ”Цөлжилтийг сааруулах төсөл”-ийн хүрээнд тус аймгийн 16 сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын 40 зогсоол цэгт цөлжилтийн мониторингийн судалгааг хийжээ.

   

Энэ судалгааг хийхдээ зогсоол цэгийг тулгуурлан анхан шатны чанарын 11 үзүүлэлтээр зүсэлт хийсэн газрын бичиглэл, өнгөн хөрсний эвдрэл, давсжилт, урвалт орчин, ялзмаг, элсэн хуримтлал, агрегат бүтэц, хөрсний нягт, ус нэвтрэх чадвар зэргээр тодорхойлсон байна.   

 

Тухайлбал, өнгөн хөрсний эвдрэлийн тухайд судалгаанд хамрагдсан нийт сумын бэлчээрийн ургамлын ажиглалтын зогсоол цэг дээр хөрсний эвдрэлийг тодорхойлоход 33.3 хувь нь бага зэргийн, 15.6 хувь нь эвдрэлийн толбо үүссэн байна.


Зогсоол цэгүүдээс Суварга, Бүргэдэй, Охьхөндий, Даагандэл, Боргүвээ, Номгон, Өгөөмөр, Баянсуудал, Охироо, Ширхэнцэг  зэрэг зогсоол цэгт өнгөн хөрсний эвдрэл бага зэрэг үүссэн байгаа нь судалгааны дүнгээр тогтоогджээ.


Мөн дээрх судалгаанд хамрагдсан  зогсоол цэгийг давсжилтын зэрэглэлээр нь судалж үзэхэд нийт хамрагдсан 40 цэгийн 26.6 хувь нь маш их, 33.3 хувь их давсжилттай гарсан байна.  


Эндээс үзэхэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сайхан, Сант, Хушаат суманд хөрсний давсжилт маш их байгаа аж. Хур тунадас бага, ууршилт их, бэлчээрийн даац хэтрүүлсэн зэрэг нь хөрс давсжих үндсэн шалтгаан болдог байна.


Цөлжилтийн судалгаанд хамрагдсан зогсоол цэгүүдээс Охьхөндий, Суварга, Бурхантай толгой, Баянсуудал цэгт  шилжилтийн үеийн маш хатуу давхарга үүссэн байгаа юм.


Дээрх бүх судалгаа шинжилгээгээр илэрсэн өөрчлөлттэй байдлууд нь цөлжилт, элсжилт, газрын доройтолд нөлөөлдөг байна.


Цөлжилт нь үржил шим бүхий хөрстэй, ус булагтай, ургамал жигдэрсэн газар нутаг хуурай цөл болон хувирах үйл явцыг хэлдэг байна. Харин газрын доройтол нь тодорхой нэг газар нутагт хүний буруу үйл ажиллагаа болон ус, салхины нөлөөгөөр элэгдэлд орохыг хэлдэг байна.


Цөлжилт, газрын доройтлыг багасгах гол арга зам нь ойн зурвас байгуулах, байгалийн нөхөн сэргээлт явуулах, орон нутгийн ховор, ховордсон мод ургамлыг тарих зэрэг аргууд байдаг байна.


Энэ байдлаас сэргийлэхийн тулд бэлчээрийг дөрвөн улиралд сэлгэн ашиглах. Цаашлаад мал аж ахуй, ой, газар тариалан хосолсон аж ахуйг хамтад нь хөгжүүлэх зэрэг уламжлалт болон дэвшилтэт арга технологийг хослуулан зөв хэрэгжүүлэхийг эрдэмтэд зөвлөж байгаа юм.


Сэлэнгэ аймгийн хэмжээнд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг үндсэн 3 том зорилтын дор тодорхой үр дүнд хүрэх зорилготойгоор хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг нь цөлжилт, элсний нүүдлээс хамгаалсан ойн зурвас байгуулах ажил юм.

 

Тухайлбал одоо байгаа доройтсон ойгоо нөхөн сэргээхээс гадна ууланд болон ойн сангийн талбайд ойжуулалт хийх ажлыг төлөвлөгөөндөө тусгажээ.

 

Сэлэнгэ аймаг 2019-2021 онд ШУА-ийн Газар зүй-Гео экологийн  хүрээлэнтэй хамтран нийт газар нутгийн хэмжээнд цөлжилтийн судалгаа хийж, аймгийн хэмжээнд газрын доройтол, цөлжилтийн төлөв байдал хэрхэн буйд үнэлгээ гаргуулсан байна.    

 

Дээрх судалгаагаар аймгийн нийт газар нутгийн 69.6 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон судалгаа гарчээ. Үүнээс 19 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртжээ.

 

Иймээс аймгийн БОАЖГ-аас цөлжилт, газрын доройтлоос хамгаалсан ойн зурвасыг авто болон төмөр замын дагуу, цөлжилт ихээр явагдсан газруудад нэн түрүүнд хийх ажлыг зохион байгуулж байна. Мөн голын ай савыг хамгаалах зорилгоор аймгийн хэмжээнд голын эрэг орчмыг бургасжуулахтөв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлуудыг тус тус хийж байна.  

 

Энэ талаар аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа: ”Цөлжилтийн хувьд ганц мод тариад багасгах ажил биш юм. Энд хамгийн их цөлжилтөд нэрвэгдэж байгаа асуудал бол мал аж ахуй. Манай аймаг газар тариалан эрхэлдэг тариалангийн аймаг. Ийм учраас энэ хоёр салбарын үйл ажиллагаа манай ойн салбарын үйл ажиллагаатай цогцоороо нийлж байж, харилцан уялдаа холбоотой байж, цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах ажлыг хийнэ.


Хамгийн наад зах нь бид тариалангийн талбайгаа хамгаалсан ойн зурвас хийх ёстой. Энэ бол элэгдэл эвдрэлээс, салхи, усны эвдрэлээс хамгаална. Түүнийгээ дагаад ургац ч нэмэгдэнэ. Малыг манай аймаг тооноос чанарт шилжүүлэх бодлого барьж байна. Цэвэр, эрүүл мал гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ бүхнийг уялдуулж байж, газрын доройтол, цөлжилтийг бууруулах ажил амжилт олно. 


Энэ бол ганцхан мод тарьж байгаа хүний ажил биш. Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарч байгаа нийт хүмүүсийн үүрэг хариуцлага гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс бүх нийтээр мод тарих үндэсний хөдөлгөөнд оролцохыг уриалж, хашаанаасаа эхэлж та мод тарьснаар уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлнэ. Цөлжилт, газрын доройтлыг багасгахад хувь нэмрээ оруулна шүү гэж хэлмээр байна.    


Хашаандаа та модтой байвал хашаанаасаа жимсээ авна, хашаанаасаа жимсний чанамал, шүүс, бүх зүйлээ бэлтэнэ. Эдийн засгийн эргэлтэд ч оруулна” гэлээ.  


С
удалгаагаар цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг тодорхойлоход элсний нүүдэлд нэн ялангуяа Алтанбулаг, Баянгол, Жавхлант, Орхон түүнчлэн ойн сан бүхий Хүдэр сум хамрагджээ. Цөлжилтөд зөвхөн элсний нүүдлийг харах биш, бэлчээр хэр талхлагдсан, хот суурин газрын зам харгуй хэдий хэмжээгээр нэмэгдсэн зэргийг үндэслэж судалгаа хийдэг байна. Мөн үүний зэрэгцээ цөлжилтийг нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг ч судалжээ.


Ингээд аймгийн хэмжээнд цөлжилтийн эсрэг олон чухал ажлуудыг хийхээр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

 

Тухайлбал Жавхлант, Алтанбулаг, Баянгол, Орхонтуул, Орхон зэрэг суманд ойн зурвас татах ажлыг амжилттай хийжээ.

Мөн үүний зэрэгцээ тал хээрийн ойжуулалт хийх газруудыг судалж, навчит модоор ойжуулах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн ой дотроосоо цөлжиж байгаа учраас унаган моднуудыг тарималжуулах, хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбайг ойжуулах, мөн ховордож байгаа хушин ойг тарималжуулах ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлж байна.  

 

Энэ ажлын хүрээнд Ерөө, Мандал, Баруунбүрэн, Хүдэр зэрэг суманд 5-10 га-д Ерөө сумын “Сэлэнгэ-Бугант” групп дан хушин ойг ойжуулсан нь үр дүнгээ өгч сайн ургаж байна.

 

Related news