Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 859 тэрбум төгрөгөөр нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-05 16:17:19

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 859 (13.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Үүнд уул уурхайн олборлолт 641.6 (14.5 хувь) тэрбум, боловсруулах үйлдвэрлэл 125.4 (9.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 641.6 (14.5 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 732.3 (42.6 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолт 28.1 (80 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, чулуун нүүрс, мөнгөний баяжмал, төмрийн хүдэр, баяжуулсан нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.7 хувиас 3.7 дахин өсөж, харин зэсийн баяжмал, цэвэршүүлээгүй алт, газрын тос 0.5–9.8 хувиар буурчээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт металл бэлдэц, шингэн сүү, цэвэр спирт, ноолууран сүлжмэл эдлэл, нүүрсэн шахмал түлш, ус, ундаа жүүс, шохой, цемент, самнасан ноолуур, цагаан архи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 2-91.8 хувиар өсөж, гурил, катодын зэс, малын мах, янжуур тамхи зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.7– 32.8 хувиар багасжээ.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн дээрх улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (18.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 2 (22.4 хувь) их наяд төгрөгөөр, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын борлуулалт 79.6 (14.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 2 (22.4 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 977.7 (19.4 хувь) тэрбум, металлын хүдэр олборлолт 1 (30.8 хувь) их наяд, бусад ашигт малтмал олборлолт 10.5 (13.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөллөө.


Гадаад зах зээлд энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 9.9 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 9.8 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх аж. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 57 хувийг нүүрс, 39.3 хувийг металлын хүдэр, 2.9 хувийг газрын тос олборлолтын, 0.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.

Related news