“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-07 08:31:35

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тарьж ургуулаад байна.  


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг тус компанид ажиллажээ.


“Энержи Ресурс” ХХК:

-2022 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хойш 7км-т байгуулж буй Хамгаалалтын ойн зурваст тарьсан 90 мянган хайлаас,

-2023 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт Заган ойжуулалт хийх зорилгоор тарьсан 10 мянган заг,

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нийтийн ногоон байгууламж байгуулах зорилгоор тарьсан 30 мянган хайлаас, улиас, жигд, сухай,

-Богд Хан уулын Хүрхрээгийн аманд ногоон байгууламж байгуулах зорилгоор тарьсан 2,517 шилмүүст болон навчит мод,

-Хэнтий аймгийн Чандаганы талд тариалангийн талбайн хамгаалалтын зурваст тарьсан 17 мянган улиас, хайлаас тариад байна.


“Энержи Ресурс” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 40 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм. Энэ хүрээнд “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ-тай хамтран урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулжээ.


Үүнд 36.5 сая модыг ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь, Хэнтий аймгийн нутаг, Богд Хан уулын бүсэд, гурван сая модыг цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, элсний нүүлтийг сааруулах зорилгоор, 0.5 сая модыг суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нэмэгдүүлэх, “хотын ой” хөгжүүлэх зорилгоор тарихаар төлөвлөжээ.




“Энержи Ресурс” ХХК нь 2024 онд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд ойжуулалт хийх зорилгоор 20 мянган шинэс, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт 10 мянган заг мод тарихаар төлөвлөж байна. Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Улаан номд орсон нэн ховор тоорой модыг үрээр тарьж, тооройн төгөл байгуулах ажлыг хэрэгжүүлж буйгаараа онцлогтой.


Цаашид говийн мод суулгацын нөөцийг бүрдүүлэх, нөөцийн бэлэн байдлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах компанийн мод үржүүлгийн талбайн үйл ажиллагааг өргөжүүлж, жилд гарах модны суулгацны тоог 50 мянгад хүргэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.





Related news