УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-08 13:43:30

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өнөөдөр Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел, тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нарыг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, хатагтай Сюзанне Сискел тэргүүтэй хүндэт зочидтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Азийн сан нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших хугацаанд засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг амжилттай зохион байгуулж ирснийг тэмдэглэв. Энэ ташрамд УИХ-аас хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад Азийн сан дэмжлэг үзүүлж, хамтран ажилласныг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэмдэглээд,  талархал илэрхийллээ.


УИХ-ын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан бөгөөд 2021 онд Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан юм. Энэ хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн.


Өнөөдрийн уулзалтаар Хамтын ажиллагааны санамж бичгийг дахин байгуулахаар талууд уулзаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран ажилласан өмнөх туршлага дээрээ үндэслэн илүү эрч хүчтэй, бүтээлчээр хамтран ажиллах болно гэдгээ Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илэрхийлэв. Хатагтай Сюзанне Сискел, цаг гарган хүлээн авч буй УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийллээ. Тэрбээр Азийн сангийн ерөнхийлөгч, удирдлагын баг болон ТУЗ-ийн мэндчилгээг Д.Энхбат даргад уламжилж, УИХ-ын Тамгын газартай өндөр үр дүнтэй, нягт хамтран ажилладагтаа сэтгэл хангалуун, баяртай байгаагаа хэлэв.


Олон Улсын Ардчилсан Холбооны хурал Монгол Улсад зохион байгуулж байсан талаар хатагтай Сюзанне Сискел дурдаж байв. Өөрчлөгдөн хувьсаж буй энэ цаг үед Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх чиглэлд жишиг болж байгааг тэрбээр бахархан тэмдэглээд “Талууд хамтын ажиллагаагаа ийн үргэлжлүүлж, өргөжүүлсний үр шимийг Монголын нийт ард иргэд хүртэнэ хэмээн найдаж байна” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон хатагтай Сара Тэйлорыг танилцуулж, цаашид үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн. Талуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх энэ удаагийн Санамж бичигт таван чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүд тусгагдсаны зэрэгцээ өөрчлөгдөн буй цаг үе, нөхцөлөөс үүдэн хэрэгцээ, шаардлага хувьсаж буйтай нийцүүлсэн онцлогийг хатагтай Сюзанне Сискел тэмдэглээд, оновчтой шийдэл хэмээлээ.


Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан ноён Марк Кэйнигтэй Улсын Их Хурлын Тамгын газар нягт хамтран ажиллаж байснаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэмдэглээд, шинээр томилогдсон хатагтай Сара Тэйлортэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, бэхжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна гэв.


Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн уулзалтаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх Санамж бичигт гарын үсэг зурах гэж буйдаа баяртай байгаагаа Д.Энхбат дарга илэрхийлсэн.


УИХ бүтцээ өргөжүүлж 126 гишүүнтэй болж буйтай холбоотой Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиудыг шинэчлэн баталж буй талаар зочдод дуулгаад “Эрх зүйн энэ өөрчлөлтийн хүрээнд парламентат ёс төлөвшсөн орнуудын жишгээр Монголын парламентын музейг байгуулах асуудлыг тусгасан. Энэ санаачилгыг Азийн сан дэмжин ажиллана гэдэгт найдаж байна” хэмээв. Парламентын нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, хүүхэд залууст парламентат ёс, парламентын үйл ажиллагааг таниулах үйл ажиллагааг дэмжин ажиллахдаа баяртай байдгаа Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал тэмдэглэсэн. Монгол Улс парламентын ардчиллын хувьд цоо шинэ үеийг эхлүүлж буй энэ цаг үед Азийн сангийн дэмжлэг, санал, зөвлөгөө манай улсын парламентын өөрчлөлт, шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат илэрхийлэв.


Уулзалтын төгсгөлд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Азийн сангийн дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Сюзанне Сискел болон Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Ц.Батбаатар, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш, албаны бусад хүмүүс байлцав. Талууд хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд хичээл зүтгэл гарган ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болоход анхаарахаа харилцан илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Related news