Олон улсын сувилагчдын өдөрт: Төрийн тусгайгийн сувилагч

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-05-13 09:38:59

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг онцолж байна. Тус эмнэлэг нь 1933 онд Дотоодыг хамгаалах газрын эмнэлэг нэртэйгээр сууриа тавьсан, 90 гаруй жилийн түүхтэй, Монголын ууган эмнэлгүүдийн нэг.


Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албыг 2006 онд байгуулснаар сувилахуйн тусламж үйлчилгээг  мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах эхлэлийг тавьжээ. Тус алба 150 орчим сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдтэй. Тэдний 13 хувь нь цэргийн албан хаагч. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дарга О.Алтанцэцэг, “Цэргийн цолтой сувилагчдын хувьд цэргийн албан хаагч л гэсэн үг шүү дээ. Хэзээ ямагт бэлэн байдалд байна. Манай эмнэлгийн үйлчлэх хүрээ өргөн, бусад эмнэлгүүдээс онцлогтой. 21 аймгийн хил хязгаарт хүртэл хүрч ажиллах шаардлагатай болдог. Тийм дуудлага гарлаа гэхэд цэргийн хэдэн сувилагч маань өдөр шөнийн алинд ч үүргэвчээ, эмнэлгийн хэрэгслээ үүрээд л гарна шүү дээ” гэж ярилаа.



Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагч, дэслэгч А.Болорцэцэг

-2012 оноос Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт ажиллаж байна. Багаасаа л эмнэлгийн мэргэжилтэй хүн болно гэсэн мөрөөдөлтэй байлаа. Сувилагчийн ажил бол маш их байдаг учраас тууштай хүн л ажиллана.


Би дэслэгч цолтой сувилагч. Цолтой болоод нэг жил болж байна. Нэг ёсондоо би сувилагчийн, цэргийн гэсэн хоёр тангараг өргөсөн сувилагч. Цэргийн сувилагч гэдэг бол хатуужилтай, ачаалал даах чадвартай, хэзээ ч, ямар ч цагт дуудахад бэлэн байх, цэрэг хүн шиг л байх үүрэг хүлээсэн хүмүүс байдаг л даа. Хагалгааны сувилагч гэдэг бол хагалгаа хийж буй эмчийнхээ баруун гар нь л гэсэн үг. Эмчид яг тухайн мөчид яг юу хэрэгтэй байгааг харж чаддаг, хэрэгтэй зүйлийг нь бэлэн бариад зогсож байдаг нарийн мэдрэмж, хурд, авхаалж зэрэг чанарууд хэрэгтэй. Хариуцлага багатай ажил гэж байхгүй л дээ. Гэхдээ би дотроо “чи бол хагалгааны сувилагч гэдэг хэн бүхнээс илүү хариуцлагатай ажил хийж байгаа шүү” гэж үргэлж өөрийгөө илүү их хариуцлагажуулж ажиллахыг хичээдэг.

 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагч Б.Эрдэнэбат:

-28 жил сувилагчаар ажиллаж байна. Хүнийг эрүүл энх сайн сайхан болгохын төлөө л зорьдог, цаанаасаа сэтгэл энэрэнгүй болгоод байдаг шиг санагддаг үнэхээр сайхан ажил мэргэжил бол сувилагч. Ямар нэгэн зүйлийг алдаатай хийчих вий гэж өөртөө байнга анхааруулж ажилладаг. Хагалгаа амжилттай болсны дараа сэтгэл тайвшраад нэг сайхан уужуу амьсгаа авмаар санагддаг.  Тэр нь л миний мэргэжлийн жаргалтай үе нь байх. Орчин цагт ямар ч мэргэжлийг төгс сайн эзэмших боломж, давуу тал байна. Бүхий л мэдээллийг интэрнет, техникийн тусламжтайгаар олж аваад мэргэжлийн ур чадвараа улам дээшлүүлээд байж болохоор болчихсон байна. Биднийг залуу үед зөвхөн ном, багшийн хичээлээс л суралцаж мэддэг байлаа.


Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл согог судлалын тасгийн боолтын сувилагч Д.Ариунаа:

-24 жил сувилагчийн ажил хийж байна. Ер нь бүх л сувилагч асар их хариуцлага үүрч ажилладаг. Боолтын сувилагчийн ажлын хариуцлага ч мөн маш өндөр. Эмч нарынхаа мэс засал хийгээд өвчин зовиураас нь салгачихсан хүний шархыг цэвэр байлгаж, хурдан түргэн эдгэхэд нь тусладаг хариуцлагатай, гол хүмүүсийн нэг нь бид шүү дээ. Эмч нарын тухайд эмчлүүлэгчтэйгээ өдөр тутам уулзаад, байр байдлыг нь байнга хянаад байх боломжгүй. Харин сувилагч бол энэ тал дээр гол хүн нь. Эмчлүүлэгтэйгээ хамгийн ойр байдаг, тулж ажилладаг. Мөн маш олон янзын хүмүүстэй харилцаж ажилладаг учраас тал бүрийн мэдлэг мэдээлэл олж авахыг хичээдэг байх хэрэгтэй гэж бодож өөртөө багагүй шаардлага тавьж ажилладаг. Мөн ажил мэргэжилтэйгээ холбоотой судалгаа шинжилгээний ажил ч хийдэг.

Тэвчээртэй, хичээл зүтгэлтэй, чин сэтгэлтэй, бусдад сэтгэл гаргахдаа жаргалтай байж чаддаг хүний л хийх ажил. Ерөөсөө сувилагч хүний ажил чинь эм, тариа хийхээс илүүтэй чин сэтгэлийн ажил. Сэтгэлээсээ үйлчилж байгаа хүнийг хэн ч хараад ялгаж мэднэ шүү дээ. Ингэж сэтгэлээсээ үйлчилж чадвал өвчинд шаналсан хүмүүсийг эдгэрэхэд маш ихээр тусалж байна гэсэн үг гэсэн итгэл үнэмшлээр тэжээгдэн ажиллаж явна даа. Сувилагч хүн бол үйлчлүүлэгчийнхээ туслагч нь, сэтгэл зүйч нь ч болдог. Сэтгэлийн дэм өгөхөөр зарим хууч өвчтэй хүмүүс илэрхий сэргэдэг. 

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нь Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын газар, шүүх, прокурор, тагнуул, онцгой байдал, авилгатай тэмцэх газар, Гааль зэрэг 20 гаруй байгууллагын албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд үйлчилж байна. Мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 170 мянга орчим иргэнд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээ, тус дүүргийн 1-6 дугаар хорооны хүүхдүүдэд хүүхдийн тусламж, үйлчилгээг тус үзүүлдэг байна.




Related news