ДУНДГОВЬ: Хайр дүүрэн гэр бүл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-21 09:34:31
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Гэр бүлд хамааралгүй хүн гэж үгүй. НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар жил бүрийн тавдугаар capд "Гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан.


Дундговь аймаг 2024 оныг “Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгаалал”-ын жил болгон зарлаж, холбогдох байгууллагууд хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, гэр бүлийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж, хамтран ажиллаж байна.


Түүний нэг нь Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Хайр дүүрэн гэр бүл” өдөрлөг зохион байгуулж, “Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжил дэвшлийн төв” ТББ-ын тэргүүн, гэр бүл судлаач Ж.Баясгаланг урьж, “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал, үр бүтээмжтэй цаг" сэдвээр сургалт хийлээ. Сургалтад 34 байгууллагын 250 гаруй хүн хамрагджээ.


Гэр бүл судлаач Ж.Баясгалан “Гэр бүл бол улс орны хувьд хамгийн нэгдүгээрт анхаарлаа хандуулах зүйл. Гэр улс амгалан түвшин бол төр улс амгалан байна гэдэг. Түүний тулд хамгийн нэгдүгээрт хувь хүн бүр сэтгэл зүй, гэр бүлийн харилцааг анхаарах хэрэгтэй байна. Тэгж чадвал эрүүл зөв, бие даасан, үр бүтээмж сайтай албан хаагч болж чадна.


Гэр бүл болно гэдэг өөрийн эрхийг 2 дахин багасгаад харин хариуцлагаа 2 дахин нэмэгдүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө дуртай зүйл, хүсэл мөрөөдлөө хязгаарлаж, гэр бүл дэх оролцоогоо нэмэгдүүлэн, бусдын хэрэгцээнд зориулна гэсэн үг.


Гэр бүлийн гишүүд хариуцлагатай байх, үр хүүхдүүдээ хараа хяналттай байлгахын тулд хариуцлага чухал. Гэрлэлт тэсвэр тэвчээр шаарддаг. Залуу насны мөрөөдөл, хүсэл сонирхол өөрчлөгддөг. Маш олон бэрхшээл тулгарна. Түүнийг тэсвэр тэвчээрээр л даван гарах хэрэгтэй.


Хүн бүр төгс биш болохоор хосын харилцаанд зайлшгүй л алдаа гарна. Тэр үед уужуу тайван, уучлах сэтгэлтэй бай. Тэгж чадвал гэр бүл бат бөх байдгийг судалгаа харуулж байна” гэлээ. 







Related news