Дулааны станцыг барьцаанд тавьж зээл авсан хүмүүсийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-07 16:29:24

Сүхбаатар аймгийн Дөрвөлж ОНӨҮГ-ын дулааны станцыг нэр бүхий албан тушаалтнууд банкны барьцаанд тавьж зээл авчээ.

Тодруулбал: Төрийн банкнаас 800 сая төгрөгийн зээлийг авч, улмаар банкны барьцаанд дулааны станцыг бүхэлд нь тавьжээ. Станцын конторын барилга, нэг цэгийн үйлчилгээний барилга, станцын байгууламж, машин техник, тоног төхөөрөмжүүд, нарны цахилгаан үүсгүүрүүд, дулаан дамжуулах бүх төвүүд, нүүрс дамжуулах, хуваарилах, шилжүүлэх конвер, тэр ч бүү хэл газар доогуур явж байгаа шугам сүлжээнүүд гээд бүгд одоогоор банкны барьцаанд байна.

Зээлсэн гэх 800 сая төгрөг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгууллагын дансанд орсон байдаг. Гэтэл зарцуулалт нь тийм ч тодорхой бус байгаа юм. Тиймээс орон нутгийн өмчийг дур мэдэн барьцаанд тавьж, банкнаас их хэмжээний мөнгө авсан гэх нэр бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газар шалгаж байна.

Дөрвөлж компани нь үндсэн ажлаасаа өөр зүйлд хөрөнгө оруулсан улмаас алдагдалд орж, одоогоор 2 тэрбум гаруй төгрөгийн өрөнд унаад байгаа юм.

Т. Одончимэг

Related news