ТӨВ: Эмэгтэй нэр дэвшигчийн тоо 3.3 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 41 мандатын төлөө 87
нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнээс 25.3
хувь нь буюу 22 эмэгтэй, 74.7 хувь буюу 65 эрэгтэй нэр дэвшигч байгаа нь 2020
оны орон нутгийн сонгуулиас эмэгтэй нэр дэвшигчийн тоо 3.3 хувиар нэмэгджээ.
Аймгийн Сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-т заасны дагуу өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа.
Төв аймгийн хэмжээнд энэ удаагийн сонгуульд оролцохоор 12 нам мөрийн хөтөлбөрөө аудитад хянуулснаас, 5 нам сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлсэн байна.
Түүнчлэн 27 сумын хэмжээнд нийт 568 мандатад 1185 нэр дэвшигчийг бүртгэжээ. МАН-ын 568 нэр дэвшигчээс 355 эрэгтэй, 213 эмэгтэй, АН-ын 560-аас эрэгтэй 350, эмэгтэй 210, ИЗНН-ын 18 нэр дэвшигчээс 12 эрэгтэй, 6 эмэгтэй байна. Мөн Иргэний хөдөлгөөний намын 34 нэр дэвшигчээс 20 эрэгтэй, 14 эмэгтэй, ХҮН намаас 1 эрэгтэй, бие даагч 4 эмэгтэй тус тус нэр дэвшжээ.
Нийт нэр дэвшигчийн хамгийн залуу нь 21 настай бол хамгийн ахмад нь 70 настай, дундаж нас 45 байна.
2024 оны ээлжит орон нутгийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа 10 дугаар сарын 11-ний 7-20 цагт дуусна.