ТоС форум: Монгол Улс ХАА, Эрчим хүч, барилгын салбараа нэн яаралтай байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ /. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол Улс – Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт олон улсын форумыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Гурав дахь жилдээ болж буй тус форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо), ХААН банк, Монгол Улс дахь НҮБ хамтран зохион байгуулж, бусад дотоодын болон олон улсын түншлэгч байгууллагууд дэмжин ажиллав.
Саяхан Азербайжан улсын Баку хотод НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалт болсон билээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ нэмэх асуудалд дэлхийн удирдагчид голлон анхаарсан НҮБ-ын дээд түвшний тус уулзалтын дараа “Монгол Улс – Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” форум зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.
Монгол Улсын хувьд, нэн тулгамдсан асуудал бол уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх явдал юм. Тиймээс байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Ялангуяа, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа амжилттай, бүрэн биелүүлэх ёстой. Харин дотооддоо бол иргэд, аж ахуйн нэгж, орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулах гол гарцын нэг нь байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх үйл хэрэг юм.
Тиймээс “Монгол Улс - Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулагдсан тус форумаар бодлого боловсруулагчид, зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшил болон иргэний нийгмийн төлөөлөл гээд салбар бүрийн ногоон хөгжлийн манлайлагчид өөрсдийн хийж буй ажил, тэдгээрийн үр дүнг хуваалцаж, бүгд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар хэлэлцлээ.
Тус форумын үндсэн хэлэлцүүлэг Төрийн ордонд энэ сарын 28-нд болж, хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх боломжуудыг хөндсөн юм.
Монгол Улсын хувьд, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Энэхүү үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд Монгол
Улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй
хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа гэсэн мэргэжлийн
үнэлгээ бий. Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ
нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх
шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тус форумыг нээж хэлсэн үгэндээ
онцолж байв.
Мөн уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллаж, зөвшилцөлд хүрэх нь чухал байгааг уриалсан юм.
Жил бүр хөгжиж байгаа орнуудад 100 тэрбум ам.долларыг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулж байсан бол одоо 3.5 дахин их буюу 350 тэрбум доллар болгохыг дэлхийн улс орнууд санал нэгдэн баталлаа. Өөрөөр хэлбэл, Ногоон эдийн засаг, ногоон технологи руу шилжих санхүүгийн боломж нэмэгдэж байна.
“Тиймээс Монгол Улс ногоон эдийн засаг руу чиглэхэд зөв төлөвлөгөөтэй, бодлоготой, ухаалаг ажиллаж чадвал багагүй хэмжээний уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төсөв, санхүү, хөрөнгө оруулалтууд орж ирэх боломжтой болох”-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тус форумын үеэр хэлсэн үгэндээ тодотгож байлаа.
Манай улсын хувьд, хүлэмжийн хий буюу байгаль орчны доройтлыг үүсгэж буй гол гурван салбарын нэг нь эрчим хүчний салбар юм. Хоёр дахь нь ХАА, удаах нь барилгын салбар. Эдгээр салбарыг цаашид байгаль орчинд хал багатай, ногоон хөгжлийг дэмжих байдлаар хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь тус форумын хэлэлцүүлгүүдээр олны сонирхлыг татсан гол сэдэв байсан юм.
Энэ тухайд өгүүлэхийн өмнө урьдах хоёр форумын үр дүнгээс хуваалцъя.
Нэгдүгээрт, манай улсын санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбараас олгож байгаа зээлийг ногоон бизнесийг дэмжихэд чиглүүлье гэсэн үүрэг амлалтыг авсан билээ. Тухайн үед нийт банкны салбарын зээлийн 1 хувь нь л ногоон зээл байсан бол сүүлийн 2 жилийн хугацаанд нийт банкны салбарын зээлийн 3 хувь нь ногоон зээл хэлбэрээр олгогдоод байна. Ерөнхийлөгчийн санаачилгаар 2030 он гэхэд банкны салбарын нийт зээлийн 10 хувийг ногоон зээл болгохоор санхүүгийн салбарынхан ажиллаж байна.
Хоёрдугаарт, байгаль орчны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлдэг олон улсын шилдэг туршлагуудыг Монголдоо нэвтрүүлж байна. Үүний нэг тод жишээ бол Олон улсын байгаль хамгаалах сантай хамтраад, Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр “Байгаль орчны байнгын санхүүжилтийн хөтөлбөр” жишиг тогтолцоог дотооддоо бүрдүүллээ.
Өнөөдрийн байдлаар, олон улсын хөрөнгө оруулагчдаас буцалтгүй тусламж хэлбэрээр 70 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлээд байна. 2030 он гэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар нэмэлтээр 100 гаруй сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай манай агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Ингээд “Монгол Улс ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форумын үеэр өрнөсөн хэлэлцүүлгүүдээр хөндсөн асуудлуудыг тоймлон хүргэе.
“Ногоон санхүүгийн урсгалыг бэхжүүлэхэд хамтран ажиллах боломжууд”
хэлэлцүүлгээр юу юуг хөндөв?
Олон улсын түвшинд ногоон хөгжил, ногоон шилжилтийн асуудлыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон. Засгийн газрын баталсан хөтөлбөрийн хүрээнд ирэх 4 жил ногоон хөгжлийн эрхзүйн орчныг бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон эдийн засгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлд голлон ажиллахаар төлөвлөж байгааг албаныхан тус хэлэлцүүлгийн үеэр танилцуулж байлаа.
Түүнчлэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхий нийтээр цаг хугацаатай үүрэг амлалт авч байна. Банкны салбарын хувьд ногоон, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээнд илүү хүртээмжтэй, бага хүүтэй санхүүжилт олгодог байх тогтолцоог бүрдүүлэх бодлого барьж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан юм.
Харин ногоон зээлийн тухай ойлголт муу байгаад анхаарах, ногоон зээл олгосны дараах баталгаажуулалтыг хийх, цаашдаа харилцагчдаа сургах, ногоон зээлийн ач холбогдлыг ойлгуулахад банк санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байгааг “Голомт” банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар зэрэг банкны салбарынхан хөндөж байв.
ХААН Банк Монгол Улсад анх удаа ногоон бонд, нийгмийн бонд гаргасан бол саяхан ХХБ олон улсын зах зээлээс 50 сая ам долларын ногоон болон нийгмийн бондыг олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчаас татсан тухайгаа хуваалцсан. Харин зохицуулагч байгууллагуудаас ногоон зээлийн урсгалыг нэмэгдүүлэх тал дээр бодит урамшууллын механизм шаардлагатай байгааг онцолсон юм.
Эрчим хүчний хэмнэлттэй барилгыг барих бус үйлдвэрлэх
хэрэгтэй байна
Эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй барилгын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг “Ногоон ирээдүйг цогцлоох эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шийдлүүдийн санхүүжилт” хэлэлцүүлгийн хүрээнд хөндөн ярилцсан гол сэдэв байлаа.
“Ногоон орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сангаас ногоон хөнгөлөлттэй санхүүжилт хэрхэн авахад төвлөрч, шийдэл гаргах үүднээс олон нийт болон байгууллагаас нээлттэй санал хүсэлт авч байгааг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэргэдэх Ногоон, хүртээмжтэй орон сууцны тогтолцоо, санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц танилцуулсан.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эрчим хүчний хэмнэлттэй орон сууцжуулах бодлого багтсан. Улаанбаатарт ногоон орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал бага байхын тулд анхны зардлаа их гаргахаас аргагүй. Анхны зардал нь жирийн орон сууцнаас 13 хувь өндөр боловч ашиглалтын зардал нь 20 хувь бага байх судалгаа байгааг албаныхан мэдээлж байв.
Түүнчлэн эрчим хүчний дутагдлаас гарах, хугацаатай
хөнгөлөлттэй зээл татах үндсэн хоёр зарчмыг бид хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Барилгын салбар дулааны эрчим хүчний нормыг өндөрсгөх замаар эрчим хүчний
ангиллаа шилжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй барилгуудыг барихаар шийдвэрлээд
байна хэмээн Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Орон
сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд мэдэгдсэн.
Эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэйгээр барилгын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуудлын гол нь орон сууцны асуудал нь амины орон сууц, гэр орон сууцны эрчим хүчний хэмнэлтийг хангаж, алдагдлыг бууруулах тухай асуудал юм.
Эрчим хүчний хэмнэлттэй дулаалга хийснээр өрхийн орлого санхүүд ямар ач холбогдолтойг олон нийтэд таниулан ойлгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд ахиц гаргах хэрэгтэй байгааг ч оролцогчид тэмдэглэж, өөрсдийн туршлага, мэдээллээ хуваалцаж байв.
Тухайлбал, Хас банкны Эко Банкны газрын захирал Г.Туул, “2010 оноос эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслийг хэрэгжүүлж, барилгын компанитай хамтрах ёстойг ойлгосон. Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй байшин барих нь чухал боловч вакумжсан болгохгүйн тулд давхар агааржуулалтын системтэй байх ёстой. Одоо бид 30-аад барилгын компанитай хамтран, шаардлагаа биелүүлэн ажиллаж байна. Тэдгээр компанид дор хаяж 20 хувь эрчим хүч хэмнэх шаардлагыг тавьж, эрчим хүчний хэмнэлтийн сертификатыг өгч, явцын хяналтаар баталгаажуулан ажиллаж байна” хэмээж байв.
Түүнчлэн, эрчим хүчний хэмнэлттэй барилгыг барих бус үйлдвэрлэх хэрэгтэй. Бодлогод нийцсэн ногоон барилга барихын тулд тодорхой хэмжээний барилгын материалыг үйлдвэрлэснээр ажиллах хүч, хаягдлыг хэмнэн бүтээх боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц өөрөө бодит бүтээн байгуулалт юм гэдгийг оролцогчид хэлж байсан юм.
Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан залуу гэр бүлээ орон сууцжуулж, нийгмийн баталгааг нь хангах бодлого хэрэгжүүлэхийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан “Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүл зэрэг зорилтот бүлгээ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой. Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппармэнтэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр нийслэлийн төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлыг багасгах зэрэг асуудлыг шийдэх боломжтой”-г ярьж байв.
Орон сууцны ипотекийн зээлийг 2013 оноос хойш хэрэгжүүлж, 130 мянган өрхийг хамруулан, 8.9 их төгрөгийн зээл олгожээ. Гэвч энэ хугацаанд нийлүүлэлт нэмэгдэхгүй, эрэлт нэмэгдэж, орон сууцны үнийг хөөсрүүлэн, зорилтот бүлэгт чиглүүлэлгүй, танил талаараа дамжуулан 2, 3 удаа зээл авч байраа түрээслүүлдэг бизнесийн зарчим руу шилжсэнийг шүүмжилж байв. Энэ нь зээл авах гэж 2-3 жил хүлээх дараалал үүсгэжээ.
"Тогтвортой хөдөө аж ахуй руу шилжихэд тулгарч буй бэрхшээл,
шийдэл" хэлэлцүүлгээр юу юу хөндөв?
Хөдөө аж ахуй, ойн сан, усан хангамж болон гамшгийн эрсдэлийн чиглэлээр оновчтой удирдлага хэрэгжүүлэх шаардлагатай байгааг энэхүү хэлэлцүүлгээр хөндсөн асуудлууд төвлөрч байв.
Тухайлбал, Гоёл Кашмер ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ариунаа: Төр засгаас сүүлийн гурван жилийн хугацаанд эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжийн зээлийг олгосон нь томоохон хөрөнгө оруулалт юм. Урт хугацааны далайцтай үр дүнд хүрэхийн тулд бид ноолуурын кластерийг эхлүүлэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Үүний тулд ноолуурын компаниуд нэгдэж консорциумыг бий болгож, урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь үр дүнтэй байж чадна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Уур амьсгалын стратеги, бүс нутаг хариуцсан захирал Н.Анвар: ХАА-н салбарын уур амьсгалын дасан зохицоход чиглэсэн санхүүжилт маш чухал боловч уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтэд ХАА-н салбарт олгосон хувь нь 3-5 хувь эзэлж байгаа нь нэг талаас сорилт боловч нөгөө талаас боломж байгааг илэрхийлж байна. Энэ салбарт хэрэгжүүлж буй аливаа татаастай хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ цогцоор нь харах, тайлагналын стандартыг хангуулахад анхаарах хэрэгтэй гэдэг нь бусад орны жишээнээс харагдаад байна.
Монголын байгалийн өв сангийн Гүйцэтгэх захирал Э.Номиндарь: 2022 онд ТоС Форумын үеэр байгаль, биологийн төрөл зүйлийг хамгаалах байгууллага хэрэгтэй тухай ярьж байсан. Тэр цагаас хойш хоёр ч сан байгуулагдаад байна. Монголын байгалийн өв сангаас байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалах урт хугацааны төсөл, санхүүжилт татаж ажиллах юм. Энэ хүрээнд бэлчээрийн асуудал хамаарч буй. Нэг талаас ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг банкнууд татаад ирж байна, нөгөө талаас бодлого стандартын орчин маш сайн бүрдсэн тул ХАА-н салбарт урамшууллын тогтолцоог зөв хэрэгжүүлээд туршаад явах санаачилгыг гаргаж байна.
Нийт зээлийн 10 хувийг ногоон зээл болгохоор банкны салбарынхан ажиллаж байна
“Тогтвортой санхүүгийн форум” гурав дахь өдрөө “Нөлөөллийн хөрөнгө оруулалт ба тогтвортой санхүүжилтийн
хүртээмж” салбар хуралдаанаар үргэлжилсэн.
Хуралдаанаар байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилт, ногоон зээлийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрэгтэй мэдээллийг өглөө. Хөдөө аж ахуй, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл өгөхөд ногоон, байгальд ээлтэй тоног төхөөрөмж ашиглавал хөнгөлөлт авах талаар мэдээлэл хомсоос гадна, стандарт, шаардлагыг нь хангадаггүй, зөвлөн туслах үйлчилгээ байдаггүйгээс хамрагдаж чаддаггүй байна. Иймд банкууд ямар шаардлага хангавал зээл авч болох мөн, иргэн, аж ахуйн нэгжүүдэд ямар бэрхшээл байгаа, түүнийг хэрхэн шийдэхийг танилцуулав.
Тухайлбал, ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, “Монгол Улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардлагатайгаас 1.2 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлээд байна. Цаашид бүх оролцогч тал үндэсний хэмжээний зорилтоо хараад дутагдалтай байгаа салбар төслүүдийг тодорхойлон хэрэгцээтэй үүсвэрүүдийг татан төвлөрүүлэх чиглэлээр хамтарвал илүү үр дүн гарна. ХААН банк ногоон зээлийн багцыг эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны төлөвлөгөөндөө 2024 онд ногоон зээлийн багцыг 798 төгрөг хүртэл нэмэгдүүлэхийг тусгасан. Мөн тогтвортой санхүүжилтийн замын зургийн зорилтод 2030 он гэхэл банкны салбарын нийт зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хувь хэмжээг 10 хувьд хүргэхээр тусгассан”-ыг онцолж байв.
Харин Европын сэргэн
босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханес А.Такач, “Дэлхийн хөрөнгө оруулалтын орчин
хувьсан өөрчлөгдөж байна. Ногоон тогвортой хөгжлийн төслүүдээс гадна
нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн бодит төслүүдэд хөрөнгө оруулах
болж байна” хэмээж байлаа.
Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас Парисын хэлэлцээрийн амлалтад хүрэх чиглэлээр улс орнуудад цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлд хөрөнгө санхүүжилт оруулдаг. Жил тутам 100 тэрбум орчим ам.долларын санхүүжилтийг гишүүн орнууддаа ногоон хөгжлийн чиглэлээр олгож байгаагаа хуваалцсан.
Тэсо группийн Гүйцэтгэх захирал С.Болор: ХААН Банктай хамтран өнгөрсөн жилийн хамгийн том ногоон санхүүжилтийг авч, тогтвортой хөгжил, нийгэм, байгаль орчинд чиглэсэн олон улсын үйлдвэрлэлийн жишиг ажлыг групп компаниудаараа хэрэгжүүлж байна. Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд урт хугацааны, тогтвортой, бүх оролцогч тал нь хождог ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарч буйн жишээ нь манай ингэний сүүний төсөл. Монгол малчны бэлчээрт байгаа сүүнд монгол залуусын оюуны инновацыг шингээгээд олон улсын зах зээлд гаргаж, тогтвортой экосистемийг бүрдүүлж байна.
ТоС Форумын гол зорилго нь бодлогын чухал шинэчлэлийг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих, Монгол Улсын тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болоход оршдог.
Тэр утгаараа гурван өдөр үргэлжилсэн “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024”-ийн хүрээнд үндсэн форумаас гадна банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан олон улсын туршлагаас хуваалцах олон үйл ажиллагаа зохиогдлоо.