“Таван шар”-ын явган зорчигчийн гүүрэн гарц барих бэлтгэл ажлыг хангаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-19 15:47:06

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна.


НЗДТГ-ын мэдээлснээр, “Таван шар”-ын нүхэн гарцын инженерийн дэд бүтцийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж, цахилгаан, гэрэлтүүлгийн шугам сүлжээ, гадна холбооны шугамын ажил, ус хангамж, ариутгах татуургын ажлыг гүйцэтгэжээ.


Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт 42830 машин  зорчино.


Түүнчлэн 16000 м.кв талбайд ногоон байгууламжийн ажил хийж, борооны ус зайлуулах насос станц, ус зайлуулах шугамыг байршуулж дууссан байна. Тус байршилд явган зорчигчийн гүүрэн гарцын ажил үлдээд байгаа юм.

Үүнд, тус байршлын баталсан зураг төсөлд явган хүний гарцыг төмөр зам доогуур 18 метр урт нүхэн гарц байхаар төлөвлөсөн байсныг тухайн бүсийн иргэдийн аюулгүй зорчих нөхцөл байдлыг хангуулах үүднээс төмөр зам болон “Найрамдал”-ын авто зам дээгүүр гарах явган хүний гүүрэн гарц болгон өөрчилж, магадлалаар батлуулаад байна.

Тус гүүрэн гарц нь 90 метр урт, гурван орц гарцтай, 98 ширхэг шонт суурьтай байхаар төлөвлөж, барилга угсралтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Related news