Умард Солонгос баллистик пуужингууд харважээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2025 оны гуравдугаар сарын 10 /DW/. Өмнөд Солонгос, АНУ-ын армийн жил тутмын хамтарсан сургуулилалт өнөө өглөө эхэлснээс хэдхэн цагийн дараа Умард Солонгосын тал Баруун тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдээлжээ.
Пёньян уг цэргийн сургуулилалтыг өдөөн хатгалга гэж үзсээр ирсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгост АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг байрлуулсны хариуд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон мэдэгдэхдээ, цаашид “өдөөн хатгалга” хийхгүй байхыг анхааруулсан юм.
Умард Солонгосын Хванхэ мужаас пуужин харвасан гэдгийг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо баталжээ. Энэ нь Умард Солонгосын талаас энэ он гарсаар хийсэн тав дахь пуужингийн туршилт болж байна. “Эрх чөлөөний бамбай” нэртэй Өмнөд Солонгос-АНУ-ын цэргийн сургуулилалт 11 хоног үргэлжлэх юм. Өмнөд Солонгосын тал хяналт ажиглалтаа чангатгаж, АНУ-тай нягт хамтран ажиллаж байна.
Өнөө өглөө Умард Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, “Эрх чөлөөний бамбай” сургуулилалт нь Солонгосын хойгт “бодит мөргөлдөөн” үүсгэж болзошгүйг анхааруулж, “түрэмгий, өдөөн турхирсан шинжтэй дайны сургууль” гэж гэжээ. Мөн Умард Солонгосын цөмийн зэвсгийн нөөцийг эрс нэмэгдүүлэх тухай удирдагч Ким Жөн Уны зорилтыг уг мэдэгдэлд дурдсан байна.