ЗАВХАН: Аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого болон хэрэглээний барааны үнийн индекс өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нэмэгджээ.
Завхан аймагт нийт 1319 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 513 аж ахуйн нэгж нь худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын 39.4 хувь нь Улиастайд, 11.3 хувь нь Тосонцэнгэл суманд байна. Худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 49.1 хувь нь бусад 22 суманд байна.
Худалдааны салбарын нийт борлуулалт нь тухайн хугацааны турш гадагш худалдсан бараа буюу үзүүлсэн ажил, үйлчилгээний хэмжээг харуулдаг.
Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт 42913.4 сая төгрөг болж, өмнөх оныхоос 6.9 хувиар өссөн байна. Мөн нэгдүгээр улиралд хэрэглээний бараа үйлчилгээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.5 хувь, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өсжээ. Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 8.5 хувиар өссөн байна. Үүнд боловсролын үйлчилгээ, даатгал санхүүгийн үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ, хүнсний бараа болон согтууруулах ундаа, гэр ахуйн барааны үнэ өссөн нь нөлөөлсөн байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.