Монгол, Унгарын харилцааг нийгэм, эдийн засгийн олон салбарт тэлж, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол, Унгар Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамнаас ёслолын ажиллагаа зохион байгууллаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ёслолыг нээж үг хэлэв. Тэрбээр эртний түүхэн харилцаатай Унгар Улс манай улсын Европ дахь чухал түнш бөгөөд хоёр улсын харилцааг нийгэм, эдийн засгийн олон салбарт тэлж, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг мөн гэдгийг онцоллоо. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны ололт амжилтаар бахархаж байгаагийн зэрэгцээ Монгол, Унгарын харилцааг шинэ шатанд гаргах чин хүсэл, эрмэлзэл, итгэл дүүрэн тэмүүллээр түүхэн 75 жилийн ойгоо угтаж байгаад баяртай байгаагаа тэмдэглэлээ.
Түүнчлэн хоёр улсын иргэд хоорондын солилцоо, харилцан
ойлголцол Монгол, Унгарын харилцааны чухал гүүр бөгөөд эртний түүхэн сэжмээр
холбогддог манай иргэд бие биедээ элэгсэг хандаж, дотно нөхөрлөлөө бататгаж
ирснийг сайшаан тэмдэглэж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд
үнэтэй хувь нэмэр оруулсан зочид төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.
Ёслолд Унгар Улсын төр засгийн төлөөлөл, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хувь оруулсан Монгол, Унгар иргэд, гадаад улс орноос Унгар Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар зэрэг 200 орчим зочин төлөөлөгч оролцлоо. Будапешт хотноо хоёр улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Related news

