БУЛГАН: Шороон бумбагарын дурсгал нь Монголын анхны “ханын зурагт бунхан”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-06 10:56:13

Булган, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбагарын дурсгал нь Монголын анхны “ханын зурагт бунхан” бөгөөд зууван дугуй хэлбэрээр дэлдэж зассан шороон дараас юм.


Энэхүү Улаан хэрмийн Шороон бумбагар бол тонуулаагүй бүтнээрээ олдсон Монголд төдийгүй Азид ганц эртний нүүдэлчдийн урлагийн галерей бүхий 1500 жилийн настай нэн чухал олдвор ажээ.


Бунхны үүдэвч буюу орох хонгил нь 42 м урт, 180 см өргөн, 7.5 м гүн бөгөөд хонгилын хоёр хананд 40-өөд тооны өнгө ялгаж зурсан зураг бий.


Өөр хоорондоо ялгаатай хүний дүрс 24, бар биетэй, луун цээжтэй амьтан 2, саглагар мод 7, эмээл хазаартай морь 2, сүм маягийн барилга 2, бадамлянхуа цэцэг, үхэртэй төстэй амьтны толгой, нэг нохой, туг дарцаг 6 ширхгийг тус тус дүрсэлсэн байна.


Хонгилоор уруудах үед баруун, зүүн хатавчинд нь нэг нэг хаалга бий. Харин гол хаалганы өмнө хэдэн тоосго өрж, доор нь 3 ширхэг түлхүүрийг нууж тавьсан байсан нь сонирхолтой. Судлаачид тэдгээр түлхүүрээр бунхны хаалгануудыг онгойлгож орсон байна.


Дотор нь сүм хийдийн хамгаалагч болох махранз бурхад, тухайн нас барсан хүний дэргэд шадарлаж байсан болов уу гэх хүмүүсийг баримал болгон шавраар бүтээж бунханд мөнхийн харуул болгожээ.


Эртний язгууртны зарим булшаас шадар бараа бологч аягачин шивэгчин болон хүлэг морьдыг нь хүртэл хамт оршуулсан  байх эсвэл сүлжмэл гэзэг үсээр нь орлуулсан байх баримт байдаг ч энэ Шороон бумбагарын булш шадарлагчдыг нь баримлаар зургаар илэрхийлснээрээ  онцлог юм. 


Нийт 550 орчим олдвор олдсоны 134 нь алтан эдлэл, 11 нь шавар эдлэл, 30 гаруй модон эдлэл, бусад нь мөнгө, төмөр, хүрлээр хийсэн эдлэл байв.


Тус газрын бүх дурсгалыг улсын тусгай хамгаалалтад авч,  археологийн малтлагаас гарсан олдворуудыг хамгаалахын тулд Хархорум музейд түр хугацаагаар хадгалуулсан байна.

 

Шороон бумбагар бол эртний нүүдэлчдийн том язгууртны бунхант булш бөгөөд манай археологичид монгол нутгаас хоёр бунхан олж илрүүлэн малтан шинжилсэн байдаг. Эхнийх нь Төв аймгийн Заамар сумын Шороон бумбагар. 2009 онд Монгол, Оросын археологичид энэ өвөрмөц дурсгалыг илрүүлэн малтлага хийсэн байна. Түрэгийн үед хамаарах энэ бунхныг эрдэмтэд Уйгарын Пугу аймгийн удирдагчийн бунхан гэж тогтоожээ.


Тухайн үед газрын хөрснөөс доош 6 метрийн гүнд байсан эл бунхны доторх эд зүйлс нэлээн хуучирсан байжээ. Пугу аймгийн эзний бунханд модоор сийлсэн даавуу торгон хувцастай хүүхэлдэйнүүд, гартаа таяг барьсан өндөр хамартай эрэгтэй хүн болон загас, адуу, үхэр, тэмээ, хонь, гахай, хүн цээжтэй шувуу бөгстэй амьтан, шувууны дүрс байжээ.


Бунхныг илрүүлэхэд эл бунхныг хэдийнэ тонуулчид ухаж, олдворуудыг эвдэж сүйтгэсэн байсан тул газрын чийгийн нөлөөлөлд даавуун эд зүйлс нь өмхөрч өгөршин, түүхий шавраар бүтээсэн зүйлс нь задарч бутарсан байна. Гарсан олдворуудыг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өгчээ. Хоёр дахь нь энэ шороон бумбагар ажээ.















Related news