ЗАВХАН: Нийгмийн олон хандлагыг зургаар илэрхийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-15 17:36:46

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. МУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Ерөнхий боловсролын Ахлах сургуулийн сурагч Ч.Отгонзулын бүтээл шилдэг таван зургийн нэгээр шалгарчээ.


"Гончигсумлаа" сангаас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 15-19 настай өсвөр насны хүүхдүүдийн дунд “IMAGINE-2025” буюу “Төсөөлөл” гар зургийн уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулжээ.


Урлаг бол зөвхөн зураг, бүжиг, хөгжим биш хүний сэтгэл, сэтгэхүй, мэдрэмж, нийгмийн ойлголтыг хөгжүүлдэг боловсролын хэлбэр юм. Тиймээс “Төсөөл-2025” зургийн уралдаанд оролцоод өөрийн ертөнцөө зургаар илэрхийлэхийг хүүхдүүдэд уриалсан байна. Алдар нэртэй зураачид ч гэсэн өсвөр насныхан байсан. Тэдний бүтээл бүрийн цаана анхны алхам, туршилт, алдаа, дахин оролдлого байжээ. Одоо зурж байгаа зураг чинь ирээдүйн “уран бүтээлч”-ийг бүтээж болно хэмээн зохион байгуулагчид хэлж байсан юм. Тиймээс энэхүү уралдаанд өөрийн төсөөллийг зургаар илэрхийлж амжилттай оролцсон юм. Ер нь зураг зурах дуртай. Ихэвчлэн өөрийн сэтгэл хөдлөл, нийгмийн олон талын үзэгдэл, хүмүүсийн харилцааг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр зурдаг хэмээн сурагч Ч.Отгонзул хэллээ. 


Тус уралдаанд МУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Ерөнхий боловсролын Ахлах сургуулийн 12а ангийн суралцагч Ч.Отгонзулын бүтээл улсын хэмжээнд шилдэг таван зургийн нэгээр шалгарч нэг сая төгрөгийн тэтгэлгийн эзэн болсон юм.


Ч.Отгонзул энэхүү зургаараа орчин үеийн нийгэм дэх үзэл бодлын ялгааг харуулахыг зорьсон байна. “Зургийн төвд дүрслэгдсэн гэрэлтэй дүр бол өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч нэгнийг харуулжээ. Харин түүнийг хүрээлсэн инээж буй сүүдрүүд нь нийгмийн олонхийн хандлага, өөрөөсөө өөр нэгнийг шүүмжлэн гадуурхаж, түүгээрээ сэтгэлийн хоосролоо дүүргэх үзэгдэл юм" гэж өөрийн төсөөллөө гар зурагтаа харуулсан байна. 


МУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Ерөнхий боловсролын Ахлах сургуулийн сурагч Ч.Отгонзул

Related news