ЗАВХАН: Махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2000 төгрөгөөр өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-18 14:24:43

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар өссөн байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувь, өмнөх сарынхаас 0.7 хувийн өөрчлөлттэй байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар өсөхөд зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 22.3 хувь, даатгал санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 34.2 хувиар голлон нөлөөлжээ. Мөн боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 15.0 хувь, хүнсний бараа, согтууруулах бус ундаа 11.9 хувь, cогтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 7.6 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ 7.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас ерөнхий индекс 0.7 хувиар өсөхөд доорх бараа, үйлчилгээ голлон нөлөөлсөн байна. Үүнд тээврийн бүлэг 1.5 хувь, хувцас, бөс бараа, гутал 0.9 хувь, хүнсний бараа, согтууруулах бус ундаа 1.0 хувь нөлөөлжээ. Мөн амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ 1.8 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 1.1 хувиар өссөн байна.


Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурил, цагаан будаа, шар будаа кг тутамдаа 100-250 төгрөгөөр өссөн бол, талх өмнөх оны мөн үеэс 500-550 төгрөгөөр өссөн байна. Үхрийн мах кг тутамдаа 1500-2000 төгрөгөөр, хонь, ямаа, адууны мах кг тутамдаа 1000-1700 төгрөгөөр өсжээ. Тахиа, гахайны мах кг тутамдаа 1000-1500 төгрөгөөр буурсан байна. 



Related news