Төв Азид учирч буй байгаль орчны сорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэхийг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2026-04-22 17:01:22

АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /Kazinform/. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев "Бүс нутгийн экологийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт"-ыг нээж үг хэлэхдээ байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг онцлоод, Төв Ази болон хөрш зэргэлдээ бүс нутгуудад тогтвортой хөгжлийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. 


"Эх дэлхийн өдөр"-өөр Астана хотнооо НҮБ-тай хамтран зохион байгуулж буй энэхүү дээд хэмжээний уулзалтад дэлхийн 55 гаруй орны удирдагчид, олон улсын байгууллагуудын шинжээчид, мэргэжилтнүүд оролцож байна.


"Бүс нутгийн экологийн дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэнд, түүний дотор Төв Ази болон Кавказын орнуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлье. НҮБ-тай хамтран зохион байгуулж буй эл чуулга уулзалтад та бүхэн оролцож байгаа нь энэхүү нэн чухал арга хэмжээний үнэ цэнийг нэмэгдүүлж байна. Өнөөдөр Эх дэлхийн өдөр бид гараг дэлхийгээ хамгаалах хамтын хариуцлагаа дахин батлахаар Астанад цуглаад байна" гэж Казахстаны Ерөнхийлөгч хэллээ.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, бүс нутгийн орнууд байгаль орчны тогтвортой байдлын талаар нэгдсэн нэг бодлого боловсруулахын ач холбогдлыг тодорхой ухамсарлаж байна хэмээн мэдэгдээд, экологи гэдэг бол зөвхөн уур амьсгалын асуудал биш, харин хүний ​​сайн сайхан аж байдлын үндэс суурь болохыг онцлов.


“Энэ бол цэвэр агаар, аюулгүй ус, эрүүл хөрс, баталгаат хүнсний хангамжийн тогтолцооны тухай, мөн нийгмийн тогтвортой байдал, хойч үеийнхний нэр төрийн тухай асуудал юм. Түүнчлэн бидний оюун санаа тунгалаг байх, нийгмийн зохицол, хүмүүсийн аз жаргалтай ч холбоотой” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


К.Токаев мөн дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдал улам бүр тааварлахын аргагүй болж, энэ нь хөгжлийн хүчин чармайлтад нөлөөлж байгааг дурдаад, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон талт зарчмуудыг хүндэтгэхийг уриалсан байна.


"80 жилийн өмнө байгуулагдсан НҮБ нь яриа хэлцээнийн цорын ганц нийтлэг платформ хэвээр байна" гэж тэрбээр хэлээд НҮБ-ын дүрмийг иж бүрэн баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг дурджээ. 


Байгаль орчны талаарх бодлогод хөгжиж буй орнуудын хөгжлийн хэрэгцээг зайлшгүй харгалзан үзэх ёстойг К.Токаев тэмдэглээд, цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явц нь "шударга, тэнцвэртэй бөгөөд урамшуулан зоригжуулсан" байх ёстой хэмээн мэдэгджээ. Тэрбээр усны хомсдол, агаарын бохирдол, цөлжилт, мөн мөсөн голуудын хайлж, биологийн олон янз байдал алдагдаж байгаа зэргийг Төв Азийн бүс нутагт тулгарч буй гол асуудлууд хэмээн тодорхойлсон байна. 


"Амжилт ололтоо ярих цаг хугацаа дууссан, одоо шийдэл гаргах цаг ирлээ" гэж тэрбээр мэдэгдэв.


К.Токаев Казахстаны байгаль орчны тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, эрчим хүчний шилжилт, биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын нөхөн сэргээлт, усны менежментийн шинэчлэлийг онцолсон байна. Тус улсад сэргээгдэх эрчим хүч одоогоор нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 7 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ үзүүлэлтийг 15 хувиас давуулахаар төлөвлөж буйг тэрбээр онцлон дурджээ. 


Түүнчлэн усны асуудалд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод, Умард Арал тэнгисийг сэргээхэд гарч буй ахиц дэвшил болон Каспийн тэнгисийг хамгаалахтай холбоотой хамтын хүчин чармайлтууд үргэлжилсээр буйг дурдсан байна. Энэ хүрээнд Казахстан улс Каспийн тэнгисийн доройтлыг цаашид зогсоох зорилгоор улс хоорондын хөтөлбөрийг санаачилсан бөгөөд бүс нутгийн шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд Каспийн тэнгис судлалын хүрээлэнг байгуулжээ. Тус улс мөн НҮБ-ын ивээл дор Олон улсын усны байгууллага байгуулах саналыг дэвшүүллээ. 


Тэрбээр мөн биологийн олон янз байдлыг хамгаалах санаачилгуудын талаар дурдахдаа, бөхөнгийн тоо толгойг нэмэгдүүлж, сүүлийн таван жилд 1.5 тэрбум гаруй мод тарьсныг онцолжээ.


Касым-Жомарт Токаев үгийнхээ төгсгөлд, хамтын хариуцлага болон иргэний оролцоо чухал болохыг онцолж, улс даяар нэг сая орчим сайн дурын ажилтныг хамарсан үндэсний хэмжээний "Цэвэр Казахстан" (Taza Qazaqstan) аяныг дурдсан байна.


"Байгаль эх дэлхий маань геополитикгүйгээр оршиж чадна, харин геополитик байгальгүйгээр оршин тогтнож чадахгүй" хэмээн тэрбээр хэлээд, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллахыг уриаллаа.
Related news