Ираны авиа компаниуд олон улсын нислэгээ сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-25 19:43:53

ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /Kazinform/. Техран хотын Имам Хомейнигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал бямба гаргаас эхлэн Истанбул, Маскат, Бээжингийн чиглэлд хийдэг нислэгүүдийг сэргээнэ гэж Ираны мэдээллийн Mehr News агентлаг мэдээллээ. Эдгээр нь дайн эхэлснээс хойш зогсоод байсан иргэний агаарын тээврийн анхны нислэгүүд юм.


Одоогоор зөвхөн дээрх гурван чиглэлд нислэгийн зөвшөөрөл өгсөн бөгөөд эрэлтээс хамааран нислэгийн хүрээг өргөжүүлнэ. Ираны эрх баригчид нислэгийг дөрвөн үе шаттайгаар сэргээнэ гэдгээ саяхан мэдэгдсэн байна. Эхлээд тус улсын нутгийн хойд хэсэгт нислэгийг сэргээх ба дараа нь Техраны нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг сэргээх ажээ. Олон улсын нислэгүүдийг зогсоох үед гадаадын компаниуд онгоцуудаа тус улсаас гаргасан бөгөөд нисэх буудлууд зөвхөн ачааны онгоцуудыг хүлээн авч байв.


Саяхан иргэний агаарын тээврийн Iran Air компани дотоодын нислэгүүдээ сэргээсэн бөгөөд 22-ны өдөр Техран-Мешхед чиглэлд эхний нислэгийг үйлдсэн байна.  


Ираны эсрэг Израил, АНУ-ын цэргийн ажиллагаа хоёрдугаар сарын 28-нд эхэлснээр олон улсын ба дотоодын нислэгүүд зогссон юм. Харин дөрөвдүгээр сарын 8-нд гал зогсоосноос хойш Ираны тал эвдэрч сүйдсэн тээврийн дэд бүтцээ аажмаар сэргээн босгож байна. 

Related news