СЭЛЭНГЭ: Д.Лувсандаш агсны нэрэмжит бүжгийн тэмцээн болж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2026-04-26 13:38:26

Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын анхны бүжгийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Лувсандаш агсны нэрэмжит тэмцээн 4 дэх жилдээ аймгийн төв Сүхбаатар суманд болж байна.

 

Дэлхийн бүжгийн өдрийг угтсан энэхүү үйл ажиллагаа нь түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, соёлын боловсролыг түгээх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг бүжгийн урлагт татан оролцуулах, ирээдүйн авьяаслаг бүжигчдийг бэлтгэх зорилго дор болж буйгаараа онцлогтой.

 

Тус тэмцээнд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Говьсүмбэр, Төв, Дархан-Уул аймгийн ЕБС-ийн 1–12 дугаар ангийн 400 гаруй суралцагчид 4 насны ангиллаар авьяас билгээ сорьж байна. 

Өмнөх жилүүдэд тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн 16 сум, тосгодын соёлын төв, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож, 20 гаруй баг, 300-400 орчим бүжигчид авьяас чадвараа сорин өрсөлдөж байсан бол энэ жилийн хувьд оролцогчдын хүрээ улам өргөжиж, сонирхогчдын тоо нэмэгджээ.

 

Тэмцээнд  оролцогчид ардын болон орчин үеийн бүжгийн төрлөөр ур чадвараа сорьж, үндэсний хэв маяг, хөдөлгөөний уран нарийн шийдэл, тайзны соёл, илэрхийлэмжийг чухалчлан үнэлж буй нь тэмцээний онцлог байв.

 

Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн соёл урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, ирээдүйн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх, бүжгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо.

 

Тэмцээний шилдгүүдийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлж, төрөл тус бүрт тэргүүн, дэд, гутгаар байруудыг шалгаруулах юм.