Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулахад салбар хоорондын уялдааг нэмэгдүүлэх нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-02 18:00:29

Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш бөгөөд салбар хоорондын ажлын уялдаа холбоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлснээр үр дүнд хүрнэ гэдгийг өнөөдөр болсон  “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг танилцуулах уулзалтын үеэр онцлов.

Энэхүү уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн Газрын  447 дугаар тогтоолоор “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр  баталсан.  Хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээ болсон хоол тэжээл нь бие махбодь, оюун санааны эрүүл, саруул байдлыг хангах гол хүчин зүйл. Хоол тэжээлийн байдлыг сайжруулах нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш бөгөөд салбар хоорондын ажлын уялдаа холбоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлснээр үр дүнд хүрэх ажил юм.  Монгол Улс хүн амынхаа хоол тэжээлийн байдлыг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсний үр дүнд Мянганы хөгжлийн зорилтод тусгасан хоол тэжээлийн зорилтуудыг хангаж чадсан хэдий ч таргалалт, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, хоол боловсруулах замын өвчлөл, бичил бодисын дутал, хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдварууд нэмэгдэж,  эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал үүсгэсээр байна” гэв.

Тус хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр хүн амын хоол тэжээлийн дутлын үзүүлэлтүүд тогтвортой бага түвшинд байж, аминдэм, бичил бодисын дутал буурах юм. Эрүүл мэндийн ажилтны хоол тэжээлийн мэдлэг болон хооллолтын зөвлөгөө өгөх чадвар нэмэгдсэнээр эх, нялхас, бага насны хүүхдийн хооллолт сайжирна. Эрүүл мэндэд халтай хүнсний сурталчилгаа, худалдааны зохицуулалт хийгдэнэ. Хүнс ханган нийлүүлэх ложистик төвүүдтэй болсноор нийтийн хоол үйлчилгээнд чанартай хүнс нийлүүлэгдэж, хүнсний аюулгүй байдал алдагдах боломж буурна гэсэн төсөөлөл байна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв.

Мөн энэ үеэр хөдөө орон нутагт үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцсон бол "Өрхийн хүнсний хэрэглээ" судалгааны дүнг танилцуулсан юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news