Малын түүхий эдийг үнэд хүргэх гарц хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-21 12:19:24

"Тэргүүний сайн малчдын” аймгийн  зөвлөгөөнийг Ховд аймгийн Бэлчээр ашиглалчдын холбоо ТББ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын 200 орчим малчид оролцож сумын тэргүүний малчдын туршлагыг бусад малчдад түгээн дэлгэрүүлэх, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  тусгагдсан мал аж ахуй, ХАА-н үйлдвэрийн тогтвортой хөгжлийн чиглэлээр баримтлах бодлого зорилтыг сурталчлах, малчид ТББ-ын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцлаа.

Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ахиц дэвшил гарч, малчдын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд мал сүрэг өсч байгаа хэдий ч мал, мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн үнэгүйдэж байгаа нь малчдын өмнө тулгамдаж буй гол асуудал болоод байгааг малчид хэлж байлаа.

Тиймээс аймгийн ХАА-н өнөөгийн байдал цаашдын зорилт, бэлчээрийн төлөв байдал, бэлчээрийн талаар баримтлах бодлого, сумын МАА-н тогтвортой хөгжлийг хангах бэлчээрийн ачааллыг зохицуулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх ямар боломж гарц байгаа талаар албаны хүмүүс танилцуулж зөвлөгөөнд оролцогчидтой  санал бодлоо солилцлоо. 

Тус зөвлөлгөөнд оролцсон Монгол Улсын гавьяат малчин Ш.Лхагва “Мал өсч, байгаль дэлхий биднийг харж байна. Залуу малчиддаа захихад үхэр, тэмээг сайн өсгөж, уналга ачлагандаа хэрэглээрэй. Бог мал урьд хожид байгаагүйгээо их өсч байна. Мал өсөх сайхан гэхдээ бэлчээрийн даац хүрэлцэхгүй хэцүү байна. Миний хүүхдүүд бас мал маллаж амьжиргаагаа авч явна.Хамгийн гол нь бэлчээр хүрэлцэхгүй буух бууцгүй болж байна. Түүнээс гадна бог малын арьс түүхий эд үнэ хүрэхгүй, хог дээр хаягдаж байгааг харахад хайран байна. Үндэсний үйлдвэрээ дэмжээд бог малын арьсаар хувцас хийж болдоггүй юм уу” гэлээ.

Гавьяат малчны хэлсэн үгний цаана олон зуун малчны амьдралд тохиолдож байгаа бодит бэрхшээл учраас төр шийдвэр гаргах түвшинд дуулгах ёстой тулгамдаж байгаа асуудлыг хэлж өглөө гэж зөвлөлгөөнд оролцогчид дэмжиж байв.    

Тэргүүний сайн малчдын зөвлөлгөөнд оролцогчид малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх, малаа эрүүл байлгах, бэлчээр хуваарьтай ашиглах, байгаль цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох, малын түүхий эдийн үнэ ханшийг нэмэгдүүлэх, малчдын тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг зохицуулах зэрэг олон тулгамдсан асуудлыг тусгасан зөвлөмж гарган холбогдох  яам дээд байгууллагууддаа хүргүүлэхээр  шийдвэрлэлээ.

А.Бямбасүрэн

 

Related news