ХОВД: Баруун бүсийн тариаланчид зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-29 16:50:18

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг Ховд аймагт зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн 250 гаруй тариаланч оролцсон ба “Тэрбум мод" болон “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд тариаланчдын оруулах нэмэр юу байх талаар ярилцсан юм.

Мөн баруун бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх боломжийг өргөжүүлж, үр сортыг сонгон тодорхойлох, таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, агро-ойн аж ахуй, жимс жимсгэнэ тариалахад тохиромжтой байдлын үнэлгээ хийх, тариаланчдын бүтээгдэхүүний чанар, үнэ цэнийг дээшлүүлэх талаар санал бодлоо солилцсон байна.

Баруун бүс нутгийн газар тариалангийн салбарыг цаашид шинжлэх ухаан, дэвшилтэт технологид суурилсан техник эдийн засгийн үндэслэлтэйгээр хөгжүүлнэ. Газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчид, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр оролцогчид зөвлөлджээ.   



Related news