МонЭнКо ХХК гэрээнийхээ зарим заалтыг биелүүлсэнгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-23 12:03:34

Ховд аймаг  МонЭнКо компани хооронд 2014 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлтийг дүгнэж үзэхэд зарим зүйл заалт биелэгдээгүй байгаа талаар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг хуралдаж гэрээний биелэлтэд хяналт тавихаар боллоо.

МонЭнКо компани байгуулагдсанаасаа хойш тус аймагт 5 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Үүнд 120 км зам, 2014 онд 600,0 сая төгрөгийн нүүрс зээлээр өгсөн, нүүрс хөтөлбөрийн хүрээнд 600,0 сая төгрөгийн нүүрс ард иргэдэд олгосон гэх мэдээлэл байна.

Харин МонЭнКо ХХК-тай хамтран ажиллах гэрээний 14.5-д заасны дагуу тус компани орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 2014 онд “Ховд хөшөөт хөгжил сан”-д  600,0 сая төгрөг төвлөрүүлэх ба үүнд экспортлосон нүүрс 200,0 мян тн хүрсэн тохиолдолд 300,0 сая төгрөгийг, 500,0 мян тн нүүрс хүрсэн тохиолдолд 300,0 сая төгрөг  тус тус төвлөрүүлнэ гэж заажээ.

Мөн  гэрээнд “Ховд Хөшөөт Хөгжил Сан”-д төвлөрүүлэх хөрөнгө нь 2014 болон 2015 онуудад хамаарна гэж заажээ.

Дээрх заалтуудад заасан заалт зохих хэмжээнд хүрвэл талууд сарын эцсээр тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор төлөхөөр гэрээнд тусгажээ. 

Хөшөөтөөс 2014 онд 18,8 тн, 2015 онд 358,4 тн, 2016 оны 9 сарын байдлаар 229 тн бүгд 606,2 тн нүүрс экспортлосноос үзэхэд,бүгд 600,0 сая төгрөгийг гэрээний дагуу нэхэмжлэн авах үндэслэлтэй байна гэж Ховд аймгийн Аудитын газар дүгнэлт гаргасан байна.

Төрийн Аудитын тухай хуулийн 15.1.12-д “Аудитын явцад илэрсэн төлбөр,зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх” Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын аудитын явцад илэрсэн төлбөр,зөрчлийг барагдуулах заалтыг үндэслэн Мон Эн Ко ХХК-аас 600,0 сая төгрөгийг төлүүлэн авч, аймгийн төсвийн орлого болгон 2016 оны 12 сарын 25-ны дотор аймгийн Хөшөөт хөгжил сангийн дансанд төвлөрүүлэх акт тавигдсан байна.

Түүнчлэн гэрээний дэд бүтцийн чиглэлийн 12-ийн 9-д заасан талууд Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Аймгийн ИТХ-аас томилогдсон ажлын хэсгээр хэлэлцэн баталсан төлөвлөгөөний дагуу 2014 оны 5 сараас эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх заалт биелэгдээгүй байна.

Үүний улмаас Хөшөөт тосгонд амьдарч байгаа иргэд  агаарын бохирдолтой хүнд нөхцөлд амьдарч, шинэ төрсөн хүүхэд амьсгалын дутагдалтай төрж байгаа бөгөөд Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлж тосгон байгуулах ажил одоо болтол хэрэгжээгүй гэж аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүх хэллээ.

Ховд аймаг  МонЭнКо компани хооронд хамтран ажиллах гэрээний биелэлтийг дүгнэж үзэхэд зарим зүйл заалт биелэгдээгүй байгаа талаар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг хуралдаж гэрээний биелэлтэд хяналт тавихаар боллоо.

А.Бямбасүрэн

 

 

Related news