Хөгжлийн банкнаас гаргасан зарим зээлэнд Засгийн газар баталгаа олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-23 13:03:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Хөгжлийн банкийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх гэж байна вэ, цаашид ямар бодлого чиглэл барьж ажиллах гэж байна вэ” гэсэн асуулт тавьсан. Үүнд нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн, "Их наяд төгрөгөөр дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх гэж байна. Хаалттай хуралдсан бол илүү дэлгэрэнгүй өгч болох байлаа" гэсэн хариултыг өгөв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ”Хөгжлийн банк бол арилжааны банк биш. УИХ-аас баталсан горимын дагуух төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой. Гэтэл УИХ-аас батлаагүй ажлуудад хэдий хэмжээний зээл олгосон бэ. Улстөрөөс хараат бус байдлаар банкны удирдлагыг сонгох ёстой. Хараат бус байдлаар удирдлагыг томилж чадсан уу. Хөгжлийн банк 500 сая ам.долларыг 2017 онд төлнө. Үүнийг яах гэж байна вэ" гэсэн асуудлыг тодруулахад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Хөгжлийн банк нь 5.9 их наяд төгрөгийн зээл олгосон. УИХ-аас баталсан ажлуудад зээл олгох журмыг өмнө нь зөрчиж ирсэн юм билээ. Олон улсын нээлттэй тендерээр удирдлагыг сонгох журмыг барьж ажилласан. Худалдаа хөгжлийн банкны авсан 580 сая ам.долларын зээл дээр Засгийн газар баталгаа гаргасан байдаг" хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Хөгжлийн банкны хуулийг өчигдөр өргөн барьсан. Цаашид зээл олгохдоо 10-15 хувийг өөрсдөө, бусдыг нь гадна дотны зах зээлээс мөнгө босгож зээлээ олгодог байхаар хуулинд тусгасан. Хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэн баталвал хараат бус байдлаар ажиллах боломж бүрдэнэ" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Ганболд, "Хөгжлийн банкны асуудлыг ярьсаар хагас жил болох нь. Ийм байдлаар он гарвал маш хүнд дарамтад орохоор байна. Өглөг авлагыг тогтоон, хариуцлагажуулах хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийлэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, “Монголын төр нууцтай байх ёстой. Аливаа шийдвэр гараагүй байхад асуудал дотоод болон гадаадад ил болчихдог. Гар дахь хөзрийг чинь харж байхад ижил тэгш эрх зарчмаар харилцах боломж бүрдэх үү. Хариуцлагын асуудлыг хөндөхгүй бол Хадгаламж зээлийн хоршоо шиг юм болно. Ганц нэг хүнд хариуцлага тооцсон болоод үндсэн мөнгө нь төлөгдөхгүй нөхцөл байдал үүснэ шүү” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал, "Хөгжлийн банк 5.6 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлжээ. Эргэн төлөлтийн хэмжээ ямар байгааг олон нийтэд хэлээч ээ" гэхэд Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, "Найдваргүй зээлийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ. Зээлийн эргэн төлөлт бага дүнтэй байгаа. Энэ дүнг таньд ажлын шугамаар хүргүүлье" хэмээв.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва энэ үеэр уг банкнаас олгосон зээлийн 14 хувь нь чанаргүй зээл, 69.6 хувь нь хугацаа хэтэрсэн зээл, 7.8 хувь нь эргэн төлөгдсөн зээл эзэлж байна гэсэн тайлбарыг хийж байлаа. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаярын хувьд, "Зээлийн 90 гаруй хувь нь төлөгдөөгүй, 4 удаа хугацааг нь сунгасан зээл ч байна. Иймээс зээлийн эрсдэлийн сан байгуулах ёстой" гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

Related news