Хөвсгөлд гэмт хэргийн гаралт 6,5 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-13 23:35:56

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар 2016 оны үйл ажиллагааны тайлангаа ард иргэд, аж ахуй нэгж, албан байгуулга болон аймгийнхаа удирдлагуудад тайлангаа танилцуулав.

Тус аймагт 2016 онд 755 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсанаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр 48 хэрэг хэрэгсэхгүй болж нийт 707 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49 хэргээр буюу 6,5 хувиар буурчээ.

Бүртгэгдсэн гэмт хэргийн 316 буюу 41,8 хувь нь хөнгөн, 351 буюу 46,5 хувь нь хүндэвтэр, 32 буюу 3,8 хувь нь хүнд гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт хэргийн 8 буюу 1,05 хувийг онц хүнд ангилалын гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувь байгаа гэнэ. Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд тогтоогдоогүй хэрэг 436 үйлдэгдэж өмнөх оноос 9,3 хувиар өссөн. Эдгээр хэргүүдээс 341 хэргийг илрүүлж хэргийн илрүүлэлт 78,2 хувьтай байгаа ажээ. Мөн энэ үеэр тайлантай холбогдуулан иргэдийн санал хүсэлтийг сонсож шинээр хэвлэгдэж ирсэн жолооны үнэмлэх олгох болон жолооний эрх сэргээх үйлчилгээг үзүүлж байлаа.

Б.Гантуяа 

Related news