Багш нар өөрийн гараар 2000 гаруй тоглоом урлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-23 09:04:44

Зайрмагийн модон сампин, хушганы ясан самбар дээр хүүхдүүд тоо тоолж, нийлүүлж бодон тоглодог болж. Үүнийг багш нь урлаж өгсөн. Харин тэд багшдаа тусласан болохоор тоглох тун дуртай аж.

Бидний хог гээд хаядаг зүйлийг овжин ашиглаж, хүүхдийн сэтгэн бодох чадвар, бие бялдарыг хөгжүүлэхэд зориулсан ийм тоглоомуудыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн багш нар өөрсдийн гараар урлаж, хүүхдүүддээ тоглоомынх нь хүртээмжийг нэмэгдүүлж өгчээ.

“Тоглоом бүтээх аян нэг сарын хугацаанд үргэлжилсэн. Нийт 103 төрлийн 2730 ширхэг тоглоомыг манай багш нар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангахад зориулан урлаж бүтээсэн. Зөвхөн багш нар гэлтгүй тогооч, жижүүр, арга зүйч, эрхлэгч нар бүгд дор бүрнээ тоглоом урлалаа” гэж цэцэрлэгийн эрхлэгч Г. Мөнхтуяа хэлсэн юм.

Тоглоомын материалыг цуглуулахад эцэг, эхчүүд тусласан байна. Бүтээсэн тоглоомоороо үзэсгэлэн гаргаж, эцэг эхчүүдэд дэлгэн үзүүлсэн бөгөөд  хүүхэд тоглоомон дээрээ үйлдэл хийж, түүнээсээ шинэ зүйл суралцдаг байх зориулалтыг тоглоом бүр хангаж өгчээ.

Т. Отгонтуяа

Related news