“Хүүхдийн түлэгдэлт- эцэг эхийн хариуцлагаас” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-23 11:33:39

“Хүүхдийн түлэгдэлт- эцэг эхийн хариуцлагаас” хэмээх аян Дундговь аймагт эхэллээ. Бага насны хүүхэд түлэгдэлтэд өртөж, түүнээс шалтгаалан нас барах тохиолдол 5 хүртэлх насны хүүхдийн  нас баралтын 76 хувийг эзэлж байгаа нь улсын хэмжээнд анхаарал татах баримт болж байгаа тул хүүхдээ түлэгдэлтээс хамгаалах эцэг эхчүүдийн хариуцлагыг өндөржүүлэх нь аяны гол зорилго болжээ.

Дундговь аймгийн хувьд аяны хугацаанд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг Эрүүл мэндийн газар гаргасан байна. Тодруулбал, айл өрхүүдээр орж,  бага насны хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг эцэг, эх, асран хамгаалагчдад хийх, гарын авлага түгээх, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл зөвлөмж хүргэж ажиллах юм байна.

Бага насны хүүхэд түлэгдэлтээс шалтгаалан нас барсан тохиолдол Дундговь аймагт бүртгэгдээгүй. Гэхдээ буцалж байгаа цай, хоол, буцалгаад тавьсан цагаа, халуун тосонд түлэгдсэн тохиолдлууд гардаг байна. Энэ бүхэн эцэг эх, асран хамгаалагчийн сэрэмж анхаарал дутагдсанаас үүдэлтэй байдаг ажээ.

Т. Отгонтуяа

 

 

Related news