Цэцэрлэг хотын агаарын бохирдол улсын дунджаас давах хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-26 17:22:07

/Сурвалжилга/

Архангай аймгийн Цэцэрлэг хотод хүйтний улиралд утаа нь хамар шархируулж, хоолой хорсгодог болжээ. Байгалийн тогтцын хувьд Цэцэрлэг хот уулсаар хүрээлэгдсэн хонхордуу газар байрладаг болохоор салхи тогтуун үед утаа хөөгдөхгүй дүнсийнэ.

Цэцэрлэг хотын нэгдсэн халаалт дулааныг “Эх голомтын илч” компани дангаараа хариуцан ажилладаг. Эднийх одоогийн байдлаар нийт 10 уурын зуух ажиллуулж байна. Эдгээр нь тэртээх 1967-1980 онд тухайн үеийн барилгын зургийн улсын институтын инженерүүдийн зохиосон зургаар улсын хэмжээнд баригдсан зуух яндангууд. Тиймээс хотжилтын хөгжлийг гүйцэхгүй, шаардлагад нийцэхгүй болсныг эдний компанийхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Наанадаж яндангийн өндөр нь 33 м байх ёстой байтал 20-25 м байх жишээтэй. Цаанадаж нүүрсний шаталт бүрэн явагддаггүй, тэгээд ч яндангаас гарах утааг шүүх шүүлтүүр ч үгүй байгаа юм.

Сүүлийн жилүүдэд орон сууцнууд олноор баригдсан. Тэдний дийлэнх нь нэгдсэн халаалтад холбогдсон ч өнөөх л байгаа хэдэн уурын зуухнаасаа халаалтаа авдаг. Харин яндан бахь байдгаараа. 9, 10 давхар барилгуудаас давж гарахгүй тул айлуудын гэр утаа тортогт будагдсанаас оршин суугчдын бухимдлыг бий болгоод байгаа юм. Харин янданг өндөрлөх, эсвэл шүүлтүүр тавих ямар ч боломжгүйг “Эх голомтын илч” ХХК-ий инженер Н.Сүхээ хэлж байна.

Утааны асуудал зөвхөн нэгдсэн халаалтыг түгээж байгаа эдний компанид байна гэвэл өрөөсгөл юм. Аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн уурын зуух, гэр хорооллын айл өрхүүдийн ялгаруулах утаа ч бас үүнд хамаарна. Үүний цаана Цэцэрлэг хотын тэлэлт, цаашлаад стратегийн хувьд Дулааны станцын асуудал ч яригдах юм.

Ногоон хөгжлийн аймаг болно гэдгийг зүгээр нэг амлаад болчихдог зүйл мэдээж биш. Үүнд маш их судалгаа тооцоо гаргах, нөхцөл бүрдүүлэх гээд хийх ажил их. Утааны асуудал бол ногоон хөгжлийн эн тэргүүнд тавих сэдэв.

Цэцэрлэг хот тэлэн хөгжихийн хэрээр яндангууд нэмэгдсээр байх уу, утаан хот болох уу гэхчлэн өнөөдрийн байгаа байдлын талаар ярих олон өнцөг бий. Хот маань тэлэх газар нутаг давчуу гэсээр байгаад аймгийн төвийн хонхортоо зайгүй болтлоо шавцгаалаа. Харин 2012 оноос нисэхийн чөлөөлөгдсөн 60 га талбайд дахин төлөвлөлт хийснээр Цэцэрлэг хот урагшаа тэлж байна. Гэвч хойшоо эргээд харвал утаатай, угаартай хот.

Хот хаашаа ч тэлж болно. Гэвч энэ чинээгээр утаа хүрээгээ тэлнэ л гэсэн үг. Орон сууцжуулалт, барилгажилт, цэвэр бохирт холбогдсон гэр хороолол л гэнэ, эцсийн дүндээ энэ бүх байшингууд хажуудаа нэг нэг яндантай байх уу гэдгийг анхаарах цаг хэдийн болсон. Цэцэрлэг хот яг л Улаанбаатарын жижигрүүлсэн хувилбар болоод байна. Цаашилбал сумын төвүүдийн төвлөрөл ихэсдэг өвөл цагт ч утаа илт мэдрэгдэх болсныг хөдөөгийнхөн хөнддөг болжээ.

Санаа зовохгүй биш зовоод, ярихгүй биш яриад л байна. Алсыг харж, том төлөвлөлт хийж байгаа гээд байгаагийн нэг гарц нь Дулааны станцтай болох тухай яриа. 2012 онд шавыг нь тавьж, ажил хэрэг болохын даваан дээр улс орны эдийн засгийн хямралд тулаад зогсчихсон. Харин 2017 оны эхэнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо ажиллах үеэр агаарын бохирдол, утааны асуудлаар холбогдох байгууллагынхантай уулзаад явсан. Бодвол Дулааны станцын асуудлыг шаргуухан хөөцөлдөх гэж байгаа бололтой.

Цэцэрлэг хотын агаарын чанар байдлыг зөвхөн нэг цэгээс хэмждэг байна. Байгаль орчны шинжилгээний лабраторийн хэмжүүрийн багаж төхөөрөмж шаардлага хангахгүй болсон гэдгийг инженер М.Чулуунхүү хэлж байлаа. Тухайлбал 2016 оны эхний гурван сар буюу утааны оргил үед хэмжүүрийн багаж нь ажиллаагүй байна. Инженерийн мэдээлснээр Цэцэрлэг хотын сүүлийн зургаан жилийн агаарын чанарыг авч үзвэл:

Азотын давхар исэл: 2011 онд 2010 оны жилийн дундажтай харьцуулахад 1.1 дахин, 2012 онд 2011 оны жилийн дундажтай харьцуулахад 1.5 дахин, 2014 онд 2013 оны жилийн дундажтай харьцуулахад 1.2 дахин, 2015 оны жилийн дундаж агууламж 2014 оны дундаж агууламжаас 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Харин Хүхэрлэг хий: 2011 онд 2010 оны жилийн дундажтай харьцуулахад 1.6 дахин, 2012 онд 2011 оны жилийн дундажтай харьцуулахад 2.2 дахин, 2014 онд 2013 оны жилийн дундажтай харьцуулахад 1.4 дахин өссөн үзүүлэлтэй гарсан байна. 2012 онд 11-12, 1-3 сард хүхэрлэг хий болон азотын давхар ислийн нэг удаагийн хэмжилтийн дүн агаарын чанарын стандарт /АЧС/-аас 5 удаа давсан байх жишээтэй.

Тэгэхээр Агаарын бохирдлыг бий болгогч Хүхэрлэг хий /SO2/ нь утаанаас шууд хамаардаг байна. Тэгвэл 2016 оны байдлаар Цэцэрлэг хотод усан халаалттай уурын зуух буюу ААН-үүдийн өөрсдийн галлагааны 60 гаруй уурын зуух, ердийн галлагаатай буюу гэр хорооллын айл өрхийн 2150 гаруй яндан бий гэсэн дүн гарчээ.

Харин Азотын хий /NO2/ нь - автомашины утаанаас хамаарна. Тэгвэл манай аймагт 2015 оны байдлаар бүртгэлтэй 11,0 гаруй автомашин байна гэсэн судалгаа байна.

Эдгээр тоонууд эцсийн үр дагавартаа агаарын бохирдлыг бий болгож байна. Агаарын чанарыг тооцож гаргахдаа 0-500 гэсэн тоогоор дүгнэдэг байна. Тэгвэл Цэцэрлэг хотын сүүлийн 5 жилийн Агаарын чанарын индексээс харахад: 2011 онд хамгийн ихдээ 185-д хүрч, муу, 2012 онд 320-д хүрч, маш муу гэсэн үзүүлэлттэй байжээ. 2013 онд 255-тай, 2015 онд маш муу буюу 300-д хүрч байсан тохиолдлууд байгаа юм.

Харин хамгийн сүүлийн дүн мэдээгээр Цэцэрлэг хотын агаарын бохирдол улсын дунджаас давах тал руугаа хандаж байгаа юм байна. Улаанбаатарын утааг хараад халаглаж суудаг Архангайчууд Цэцэрлэг хотынхоо утааны асуудлыг ярихдаа тулчихаад байна. Шинжилгээ хийгээд, дүн мэдээ гаргаад сууж байтал авах арга хэмжээ оройтож байгааг судалгааны дүн байтугай энгийн нүдээр харж, уушгаар амьсгалах тоолонд сануулж байна.

О.Амарзаяа

Related news