Британийн Улаан загалмайн нийгэмлэгийн төсөл үргэлжлэн хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-31 11:56:22

Дундговь аймгийн Улаан Загалмайн хороо Сайнцагаан сумын 6 өрхөд иж бүрэн эсгий дээвэр, туурга өгч, гэрийн нь дулаалгыг сайжруулан, 4 өрхөд гэр өгсөн байна. Энэ тусламж Британийн Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр тус аймагт хэрэгжиж байгаа “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх” төслийн хүрээнд ийнхүү иргэдэд хүрчээ.

Энэ төсөл өнгөрсөн жилийн эхнээс Дундговийн Сайнцагаан суманд хэрэгжиж байгаа юм. Төсөлд 240 гаруй өрх хамрагдаж байгаа бөгөөд тэдгээрээс энэ удаа 10 өрхөд ийнхүү гэр болон гэрийн эсгий дулаалгаар тусламж үзүүлсэн байна.

“Өнгөрсөн жил 6 өрхөд гэр өгч, 30 өрхөд гэрийн дулаалга, усны сав, түлээ түлшээр тусалж байсан. Энэ намар 74 өрхөд түлээ нүүрс өгч, хүнсний тусламжийг 80 өрхөд олгож байна. Нийгмийн эмзэг бүлэгт хамаарах 240 гаруй өрх төслийн үр шимийг хүртэж, амьдрал ахуйн нөхцлөө сайжруулж байна” гэж Улаан загалмайн хорооны дарга Д. Сампил тодотгосон юм.

Уг төсөл энэ оны турш үргэлжлэн хэрэгжиж, нэн эмзэг бүлгийн өрхүүдийн амьдрал ахуйд нэмэр тусыг үзүүлсээр байх ажээ.

Т. Отгонтуяа 

 

Related news