Хуучин орон сууцыг дулаалж засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-03 14:31:38

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Мандалговь хотын хуучны орон сууцнуудыг дулаалж, гадна засварыг хийж эхэлнэ. Эхний удаад 1980- аад оны эхээр ашиглалтад орсон 9,13 дугаар орон сууцыг дулаалж засварлахаар  177 сая төгрөгийг энэ онд төлөвлөжээ.   

Анх баригдаж ашиглалтад орсон үеэс хойш засвар хийгээгүй арав гаруй орон сууц Мандалговьд хотод бий. Тэдгээрийн анхных нь 1960 оны эхээр, сүүлийнх нь 1987 онд ашиглалтад орсон байдаг. Орон сууцнуудыг дулаалж засварлахад тус бүр 100 гаруй сая төгрөг шаардагдахаар зураг төсөв хийгдсэн бөгөөд ойрын жилд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүх орон сууцыг ээлж дараатай дулаалж засахаар өнгөрсөн жил төлөвлөсөн юм.

Эхний удаад 9, 13 дугаар орон сууцыг дулаалж засварлахаар өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын жагсаалтад тусгаж,  иргэд үүнийг хүсэн хүлээж байсан ч тендэр нь оройтсон гэх шалтгаанаар хийгдээгүй үлдсэн юм. Тиймээс энэ онд ийнхүү дахин төлөвлөсөн бөгөөд ирэх долоо хоногт тендэрийг зарлахаар болжээ.

Орон сууцны гадна фасадыг ийнхүү орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө гарган засварлах бол үүнтэй зэрэгцэн оршин суугчид ч мөн мөнгө нийлүүлж, орц хонгил, хаалга үүд, дулааны дотор шугам сүлжээгээ засч шинэчлэх дээр саналаа нэгтгэсэн  байна.Эдгээр орон сууцанд 84 өрх аж төрдөг ажээ.

Т. Отгонтуяа 

Related news