Залуу малчдын эгнээг өргөжүүлэх хөтөлбөр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-04 17:57:56

Дундговь аймаг залуу малчдаа дэмжих дэд хөтөлбөртэй боллоо. Мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа залууст эдийн засаг, нийгмийн дэмжлэг үзүүлэн, мал маллагааны уламжлалт арга туршлагыг өвлүүлж, малчдын залуу халааг бэлтгэхэд энэ хөтөлбөрийн зорилго чиглэжээ.

Дундговь аймгийн малчид мал сүргээ 3 сая 59 мянган толгойд хүргэж өсгөсөн. Мал сүрэг өсч байгаа нь сайн үзүүлэлт боловч мал маллах малчдын тоо буурч, нэг малчинд ногдох малын тоо нэмэгдсэн нь мал аж ахуйн эдийн засгийн үр ашгийг бууруулахад хүргэж байгаа юм. 2006 онд Дундговь аймаг 16.4 мянган малчинтай, нэг малчинд 114 толгой мал ногдож байсан бол 2016 он гэхэд малчдын тоо 12.1 мянга болж бууран, нэг малчинд ногдох малын тоо 251 толгой болж өссөн байна. Малчдын 51.8 хувь буюу 8.5 мянган малчин 16- 34 насны залуус байсан нь мөн 3.9 мянга  болж буурчээ.

Мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөх залуу малчдын тоо ийнхүү цөөрсөн нь уламжлалт мал аж ахуй, нүүдэлчин зан заншил алдрах, нутаг ус эзэнгүйдэх зэргээр сөрөг үр дагаварыг үүсгэж байгаа юм. Энэ нөхцөл байдал малчдын залуу халааг бэлдэж, залуу малчдыг дэмжих бодлоготой болох гол шалтгаан болжээ.

Залуу малчдыг дэмжих аймгийн дэд хөтөлбөр 3 үндсэн зорилттой. Тодруулбал, залуу малчдыг нутаг орондоо тав тухтай аж төрж, хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх, тэдний мал аж ахуйн үйлдвэрлэл, бизнес эрхлэх ур чадварыг өсгөж, аливаа эрсдлийг даван туулахад чадавхижуулах, түүнчлэн мал маллагааны сайн туршлагыг дэлгэрүүлж, залуу малчдын хөдөлмөрийг үнэлж алдаршуулан урамшуулна. Эдгээр зорилтын хүрээнд 26 ажлыг дэд хөтөлбөрт тусгаж, 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болж байна.

Тухайлбал, аймгийн МСҮТ- д залуу малчдыг сургаж мэргэшүүлэх, мэргэжилтэй малчин бэлтгэх, орон нутгийн хэвлэл мэдээлэл, цахим орчинг ашиглан зайны сургалтыг хөгжүүлэх, бизнес, санхүү, зээл, хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх, шинээр малчин болж байгаа залуучуудад орон гэр, малын хашаа саравч барьж, худаг ус гаргах, хадлан тэжээл бэлдэхэд нь хөнгөлөлттэй зээлээр туслах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бол газар эзэмшүүлэх зэргээр залуу малчдад чиглэсэн олон таатай боломжийг олгох ажээ.

Т. Отгонтуяа 

 

Related news