Японы “Нэг суурин- Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнөөс туршлага судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-06 18:45:56

Дундговь аймгийн ИТХ- ын дарга С. Сүхбаатар, Засаг дарга О. Бат- Эрдэнэ нар Япон улсын Ойта мужийг өнөөдөр зорилоо. Тэд Япон улсаас Монгол улсад суух элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимизүгийн урилгаар ажлын айлчлал хийж байгаа ажээ.

Айлчлалын хугацаанд Ойта мужийн “Нэг суурин- Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөний туршлагыг судалж, жижиг дунд үйлдвэрлэлийн шинэ санаа, оновчтой тоног төхөөрөмжтэй танилцана гэж Засаг дарга О. Бат- Эрдэнэ тодотгосон. Ингэхдээ орон нутгийн төсвөөс санхүүжилт гаргаагүй, өөрсдийн зардлаар явж байгаа гэсэн юм.

Японы Ойта муж нь “Нэг суурин- Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг 1980- аад оноос санаачлан эхлүүлсэн нь өдгөө энэ мужийн нэрийн хуудас болж, дэлхийн олон оронд сайн туршлага болсон байдаг. Түүний нэг нь Монгол Улс юм. Монгол Улсын Засгийн газар “Нэг суурин- Нэг бүтээгдэхүүн” Үндэсний хөтөлбөрийг 2005 онд батлан хэрэгжүүлсэн байдаг. Энэ хөтөлбөр нь орон нутгийн түүхий эдэд тулгуурласан, бусдаас ялгарах онцлогтой шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэн  хүн амын орлогыг өсгөх гол зорилготой байсан. Дундговь аймгийн хувьд 2020 он хүртэл хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны зорилго нь дээрхи хөтөлбөрийнхтэй ижил төстэй байгаа юм. Сум бүртээ нэг үйлдвэрлэл бий болгож, нэрийн бүтээгдэхүүн гаргах,  жижиг дунд үйлдвэрлэлээ түшиглэн иргэдээ ажлын байртай, орлоготой байлгах гол зорилтоо хэрэгжүүлэхэд ийнхүү Японы “Нэг суурин- Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөн сайн туршлага болно гэж үзжээ.

Т. Отгонтуяа 

 

Related news