Шинээр сонгогдсон ИТХ- ын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-06 19:59:11

Дундговь аймгийн 15 сумын ИТХ- д 295 төлөөлөгч шинээр сонгогдсон. Тэднийг чадавхижуулах сургалт өнөөдөр Мандалговь хотод эхэллээ. Эхний ээлжинд баруун бүсийн 5 сумын ИТХ- ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Төлөөлөгчдөөс гадна ИТХ- ын нарийн бичгийн дарга нар мөн сургалтад хамрагдаж байна.

УИХ- ын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2012 онд хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Үндэсний сургагч багш нарыг сургаж бэлдсэн бөгөөд тэд шинээр сонгогдсон аймаг, сумын ИТХ- ын төлөөлөгч, хурлын нарийн бичгийн дарга нарыг чадавхижуулах сургалтыг үе  шаттай зохион байгуулдаг.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, хурлын үйл ажиллагаа, орон нутгийн төсвийн талаарх ойлголт, түүнийг батлах, хэрэгжилтийг хянахад Хурлын байгууллагын эрх үүрэг, Байгаль орчин, ногоон хөгжилд ИТХ- ын анхаарвал зохих асуудлууд, Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар гол ойлголтуудыг энэхүү сургалтаар өгдөг байна.

Дундговь аймагт үндэсний сургагч багшаар 2 хүн бэлтгэгдсэн байдаг. Тэд өнөөдрийн сургалтыг удирдан явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хот, Өмнөговь аймгаас мөн сургагч багш нар иржээ.

Өнөөдөр эхэлсэн сургалт 2 өдөр үргэлжилнэ. Дараагийн удаад төвийн болон зүүн бүсийн сумдын ИТХ- ын төлөөлөгч, хурлын нарийн бичгийн дарга сургалтад хамрагдах  юм.

Т. Отгонтуяа

Related news