Гурван сум хангалтгүй дүн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-06 21:48:52

Дундговь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, 15 сумын Засаг дарга, ЗДТГ- ын  2016 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг аймгийн ЗДТГ- ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс танилцууллаа.

Энэ дүнгээр байгууллагуудаас аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 95.43, сумдаас Адаацаг сумын ЗДТГ 90.51 хувьтайгаар нэгдүгээр байрыг тус тус эзэлсэн байна. Хоёрдугаар байрт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Сайнцагаан сумын ЗДТГ, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үнэлэгджээ.

Ус цаг уур орчны шинжилгээний алба, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар,

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, Цагдаагийн газар 90- ээс дээш хувьтай дүгнэгдэж “Санаачлагатай сайн” гэсэн үнэлгээ авсан бол Татварын хэлтэс 77,47 хувьтайгаар дутагдалтай үнэлэгдсэн байна.Мөн Говь- Угтаал, Дэлгэрцогт, Цагаандэлгэр сумын ЗДТГ 66- 79 хувьтай үнэлэгдэж, хангалтгүй гэсэн дүн авчээ. Цагаандэлгэр сумын хувьд хангалтгүй дүнг удаа дараа авч байгаа юм.

Үйл ажиллагаа нь хангалтгүй дүн авсан сумдын хувьд албан тушаалын томилгооны зөрчлийн улмаас төрийн албаны тогтвортой байдал алдагдсан, ЗДТГ нь үйл ажиллагааны төлөвлөгөөгүй ажиллаж байсан, төрийн албан хаагчдын хооронд төрийн ажлын уялдаа холбоо муу зэрэг дутагдал жишээлэгдэж байна. Дутагдалтай болон хангалтгүй дүн авсан сум, байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахаар зөвлөн туслах ажлын хэсгийг ажиллуулах үүргийг  аймгийн Засаг дарга Төрийн захиргаа удирдлагын хэлтэстээ өгсөн байна.

Т. Отгонтуяа 

Related news