Ардчилсан нам буурь сэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-13 17:14:00

Ардчилсан намын шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан болон ҮЗХ-ны гишүүд, намын гишүүд дэмжигчид оролцов.

АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр хэлэхдээ, “Бид VII их хурлаа амжилттай зохион байгууллаа. Намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлж чадлаа. Мөн өнөөдөр шинэ байранд буурь сэлгэж байна. Энэ байраар маань намын гишүүд дэмжигчид өдөр бүр орж гарч, санал бодлоо уралдуулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Ирэх хавраас тус нам шинэ байр барих ажилдаа орох гэнэ. Харин АН-ын хуучин байрыг намын Сургалт, сурталчилгааны байр болгохоор шийдвэрлэсэн байна. 

Мөн АН-ын Хэрэг эрхлэх газрын тамгыг Л.Эрхэмбаяр, Ц.Туваанд албан ёсоор гардуулав. Л.Эрхэмбаяр, "Намын шинэчлэлээ сайн хийгээрэй. Дүрмийн төслөө сайн хэлэлцүүлээрэй. Энэ тамгыг зөвхөн Үндсэн дүрмийн хүрээнд түүнийг дагаж мөрдөх журмын дагуу л ашиглаарай" хэмээн захьсан юм. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, "АН-ын удирдлагын багт хүнд цаг үед ажиллаж, намын шинэчлэлийг амжилттай эхлүүлж чадсан танд цаашдын ажилд нь их амжилтыг хүсье" гэв.

Б.Туул

Related news